Дүүргийн эмч ажилчдын 35 хувь нь вакцинд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-26 11:46:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдрийн байдлаар 4926 хүн коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Энэ нь эхний удаад дархлаажуулахаар төлөвлөсөн зорилтот бүлгийн 35 хувийг эзэлж байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэв.



Тэрбээр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр, “Манай улсад “АстраЗенека” үйлдвэрийн дархлаажуулалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эхний долоо хоногт хийх зорилтот бүлэг буюу 16  байгууллагын 14 092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Вакциныг эхний ээлжинд коронавирусний халдварын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн эмч, ажилчдад хийж байгаа. Хоёрдугаарт, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн ажилтнуудыг дархлаажуулж байгаа. Дүүргийн эмнэлгүүдийн ажилчдын дархлаажуулалтын тоо харьцангуй өндөр байна” гэв.

 

Вакцин хийлгэсэн хүмүүсийн 21.5 хувьд халуурах, толгой өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, үе мөч өвдөх, ядрах, сульдах, бие арзайх гэсэн шинж илэрч байна.



Эдгээр зовуурь 2-3 хоногийн дараа арилна. Хэрвээ 2-3 хоног 38-аас дээш халуурвал эрүүл мэндийн байгууллагад хандан эмчээс зөвлөгөө авах шаардлагатай аж. “Ерөнхий биеийн урвал гарч байна гэдэг нь дархлал тогтоц сайн, дархлаа сайн тогтож байгаагийн илрэл. Гэхдээ  энэ шинж тэмдэг гурваас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” гэдгийг тэрбээр зөвлөв.

Холбоотой мэдээ