БНСУ “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-26 11:44:31

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ ард иргэдийнхээ амьдралыг хэвийн голдиролд нь эргэн оруулах, 11 дүгээр сар гэхэд сүргийн дархлаа тогтоох зорилтыг дэвшүүлэн шинэ коронавирусний эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг халдварын анхны тохиолдол илэрснээс хойш нэг жилийн дараа эхлүүллээ.


БНСУ-д орон даяар дархлаажуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн эхний өдөрт 5000 гаруй эмнэлгийн ажилтан, өвчтөнүүдийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Ийнхүү Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн вакцины анхны тунг хийлгэсэн хүн Сөүл хотын асрамжийн газрын 61 настай ажилтан болжээ.


Сувилал, асрамжийн газар, нөхөн сэргээх төвийн 65-аас доош насны 289 мянган ажилтан, өвчтөнийг дархлаажуулах “AstraZeneca”-гийн вакцины тунгуудыг орон даяар түгээх ажил пүрэв гарагт эхэлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, вакцинжуулалтын эхний үе шат ирэх гуравдугаар сард дуусна.


AstraZeneca”-гийн вакцины тунгуудын эхний хэсэг 785 мянган хүнийг дархлаажуулахад хүрэлцэх бөгөөд энэхүү вакциныг дотоодын “SK Bioscience” компани үйлдвэрлэлийн түншлэлийн гэрээний дагуу үйлдвэрлэж байгаа юм. Мөн БНСУ-д бямба гаргаас “Pfizer” компанийн вакцинаар эмнэлгийн 55 мянга гаруй ажилтныг дархлаажуулж эхэлнэ.


БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагууд “AstraZenеca”-гийн вакцины аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүдийг няцааж байгаа бөгөөд уг вакцинд дэлхийн 50 гаруй орон, мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгосныг цохон тэмдэглэжээ. Мөн уг вакциныг хэрэглэж эхэлсэн орнуудад ноцтой гаж нөлөө илэрсэн талаарх мэдээлэл алга байгааг дурджээ.


“AstraZenеca”-гийн вакцин өндөр настнуудад үр дүнтэйг батлах мэдээлэл дутмаг байгаатай холбоотойгоор уг вакциныг 65-аас дээш насны хүмүүст хийх эсэхтэй холбоотой маргаан үүсээд байгаа юм. Мөн хэд хэдэн орон уг вакциныг өндөр настнуудад тарих хугацаагаа хойшлуулаад байгаа билээ.


БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, вакциныг тариулсны улмаас ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдол Засгийн газар нөхөн төлбөр олгох бөгөөд эмнэлэгт хэвтэх, эмчилгээ хийлгэх зэрэг холбогдох зардлуудыг хариуцах ажээ. Мөн “COVID-19”-ийн вакцин хийлгэсний улмаас хэн нэгэн хөдөлмөрийн чадвараа алдах юм уу нас барсан тохиолдолд 430 сая вон хүртэлх хэмжээний нөхөн төлбөр олгох ажээ.


БНСУ энэ оны есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулахыг зорьж байгаа бөгөөд ингэснээр 11 дүгээр сар гэхэд “сүргийн дархлаа” тогтоно хэмээн үзэж байгаа ажээ. Тус улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” хөтөлбөр болон гадаадын дөрвөн эмийн компанитай гэрээ байгуулснаар 79 сая хүнийг дархлаажуулахад хүрэлцэх вакцин авахаар хэдийн тохиролцжээ.


БНСУ халдварын тархалтыг хяналтад авахын төлөө тэмцэж буй энэ цаг үед вакцинжуулалтыг эхлүүлж байна. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 400 гаруй тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 88922-т хүрчээ. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагын зарим мэргэжилтэн вакцинжуулалтын зорилтын тухайд өөр үзэл бодолтой байгаа бөгөөд тэдний үзэж буйгаар, сүргийн дархлаа тогтоохын тулд хүн амын хамгийн багадаа 90 хувийг дархлаажуулах хэрэгтэй ажээ.


Мөн БНСУ-д саяхан явуулсан санал асуулгын дүнгээр хүн амын тэн хагасаас бага хувь нь вакциныг нэн даруй хийлгэх хүсэлтэй байгааг тогтоожээ. Солонгосын нийгмийн санал бодлын судалгааны хүрээлэнгээс явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 1020 хүнийг оролцуулахад тэдний 45.8 хувь нь ээлжээ ирэх үед вакцин хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин санал асуулгад оролцогчдын 45.7 хувь нь вакцины үр дүнтэй холбоотой нөхцөл байдлыг ажиглахын тулд вакцинжуулалтад хамрагдахаа түр азнана гэж хариулсан бол 5.1 хувь нь "огт хийлгэхгүй", үлдсэн 3.4 хувь нь "сайн мэдэхгүй байна" гэх хариултыг өгчээ. 

Холбоотой мэдээ