Хилийн зарим боомтын байнгын ажиллагааг нээлээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-02-23 17:57:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж буй 2 дугаар сарын 23-наас Алтанбулаг хилийн нэвтрэх боомтыг нээж, байнгын ажиллагаанд шилжүүлж байна. Ингэснээр бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашин, тээврийн хэрэгслийг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгч нар шилжүүлэн эцсийн цэгт буюу нийслэлд хүргэх зарчмаар ажилллах юм. 

Алтанбулаг хилийн нэвтрэх боомтыг хэдийгээр нээж, байнгын ажиллагаанд шилжүүлж буй ч ачаа, тээврийн хэрэгслүүдийг 7 хоногт нэг удаа, зөвхөн эм, тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүний тээврийн нэвтрүүлж байна. Түүнчилэн Засгийн газрын шийдвэрээр Баян-Өлгий аймаг дахь хилийн Цагааннуур болон Дорнод аймаг дахь Эрээнцавын хилийн боомтуудыг нээж малын тэжээл оруулж эхэллээ. 


Үүний өмнө Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо хилийн боомтоор нэвтрэх авто тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс түр зогсоогоод байсан юм. Улмаар Засгийн газрын энэ оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар орон нутагт мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн Цагааннуур болон Боршоо, Эрээнцав боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг танилцуулан дэмжсэн юм.

Баян-Өлгий, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авсан мэдээгээр хил нэвтрэх авто тээврийн хөдөлгөөнийг зогсоосноор Цагааннуур боомтын нөгөө талд ОХУ-ын нутагт 600 гаруй тонн, Боршоо боомтын нөгөө талд 1500 тонн малын тэжээл саатаад байсан юм.


Холбоотой мэдээ