“Нүүх үү, суух уу судалъя” мэдээллийн аян эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
altankhuyag@montsame.mn
2021-02-23 17:22:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


НҮБ-ын “Шилжилт хөдөлгөөний байгууллага” санаачлан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “
Швейцарын хөгжлийн агентлаг” хамтран “Нүүх үү, суух уу судалъя” мэдээллийн аяныг албан ёсоор орон даяар эхлүүллээ.


Шилжин суурьшигчдад зориулсан мэдээллийн аян манай улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд
хөдөө орон нутгаас нийслэл хот руу шилжин суурьшихаар төлөвлөж буй иргэдийг шилжих хөдөлгөөнд хариуцлагатай, мэдээлэлтэй, судалгаатай оролцохыг уриалах юм. Мөн Улаанбаатар хотоос өөр шилжин суурьших боломжит аймаг, орон нутгийг олон нийтэд таниулах, Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэдэд албан ёсны бүртгэл хийлгэхийн давуу талыг мэдээллэх зорилготой билээ.


Нийслэл Улаанбаатар хотод зөвхөн 2020 онд нийт 39 мянган иргэн хөдөө орон нутгаас шилжин ирснээ бүртгүүлсэн болохыг “Улсын бүртгэлийн ерөнхий газар”-аас мэдээлжээ. Энэ нь зөвхөн бүртгэл хийлгэсэн иргэдийн тоо бөгөөд шилжих хөдөлгөөний бүртгэлээ хийлгээгүй хэдэн мянган иргэн цаана нь байх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байв.


Нийт нутаг дэвсгэрийнхээ ердөө 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод нийт хүн амын 46 хувь нь төвлөрч, суурьшиж байгаа нь
боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний ачаалалыг 2-3 дахин нэмэгдүүлж шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй тулгамдсан олон асуудлыг ар араасаа дагуулсаар байгааг бид мэднэ. Түүнчлэн иргэд шилжих хөдөлгөөнд оролцохдоо шилжин суурьшихаар очиж буй газрынхаа талаар мэдээлэл дутмаг, тухайн амьдрах орчноо урьдчилан судалдаггүй, төлөвлөж бэлтгэдэггүйн улмаас очсоныхоо дараа олон сорилтуудтай тулгардаг нь судалгаагаар харагдсан байна.


Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн хүн хаана амьдрахаа өөрөө шийдэх эрхтэй боловч энэхүү эрхээ бүрэн гүйцэт эдлэхийн тулд шилжилт хөдөлгөөнд хариуцлагатай, судалгаатай, мэдээлэлтэй хандах нь чухал юм.



“Нүүх үү, суух уу, судалъя” аян нь НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагаас
хэрэгжүүлж буй “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийн хүрээнд орон даяар хэрэгжиж байгаа ба төслийн зорилго нь шилжилт хөдөлгөөнийг тусгасан, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, анхан шатны оролцоотойгоор үр дүнд хүрэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, Монгол орны дотоодын шилжин суурьшигчдын нийгэм-эдийн засгийг байдлыг сайжруулахад томоохон түлхэц болно. Төслийн хүрээнд “Улсын бүртгэлийн ерөнхий газар”, НҮБ-ын “Шилжилт хөдөлгөөний байгууллага”, “Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар” хамтран иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 2021 онд багтаан цахимжуулах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Аяны хүрээнд төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан нийт 80 гаруй контент иргэдэд хүрэх ба НҮБ-ын “Шилжилт хөдөлгөөний байгууллага”-ын фэйсбүүк пэйжээс мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой. Аяны хүрээнд хийгдэх өөр нэг ажил нь Төрийн үйлчилгээний нэгдсэн портал
www.E-Mongolia.mn болон лавлах утас 1111-ээс шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой мэдээллийг иргэд авах боломж бүрджээ.

 

 

 

Холбоотой мэдээ