Албандаа үр бүтээлтэй ажилласан дэд хурандаа нарт цол нэмлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-23 11:32:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.


ЗХЖШ-ын Материал, техникийн газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар, тус газрын хэмжил зүйн албаны дарга, дэд хурандаа Ч.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ш.Уртнасан, тус газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн нэгдсэн төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Баасансүрэн болон Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа П.Мөнх-Эрдэнэ нарт хурандаа цол олгосон байна.



ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг: “Түүхт ойнуудын босгон дээр цол нэмсэн та бүхэндээ баяр хүргэе. Хурандаа гэдэг офицер бүрийн хүртээд байдаггүй цол. Цол дагаж бяр гэдэг. Би харин бяр гэдгээс илүү танд үүрэг, хариуцлага улам нэмэгддэгийг хэлмээр байна. Ажлаас хойш суух, аргацаах зүйл энэ эрхэм цолыг хүртсэн хүн бүрт хэзээ ч байж болохгүй. Үүрэг, хариуцлага бүрийн тэргүүн эгнээнд явж, цолныхоо эзэн нь болж гялалзаарай” гэж онцлоод шинэхэн хурандаа нарт амжилт хүссэн юм.

Холбоотой мэдээ