Хятадын "Sinovac" компанийн вакциныг Колумб, Мексик улс хүлээн авчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-02-22 13:02:57

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс дотооддоо үйлдвэрлэсэн COVID-19 вакциныг гадны улс орнууд тусламж хэлбэрээр илгээсээр байгаа бөгөөд Sinovac компанид үйлдвэрлэсэн вакцины эхний ээлж өчигдөр Колумб, Мексик улсуудад очжээ.

            Колумб улсын нийслэл Богота хотод тус улсын ерөнхийлөгч Дюк зэрэг төр засгийн өндөр албан тушаалтнууд болон БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайд Ланху нар вакцин хүлээн авах ёслолд оролцсон байна.

            Энэ үеэр Колумбын ерөнхийлөгч Дюк хэлэхдээ, эдгээр вакцин олон хүний амь насыг аврах болно гэжээ.

            Мөн Мексик хотод болсон вакцин хүлээн авах ёслолд тус улсын ГХ-ны дэд сайд Делгадо, БНХАУ-аас Мексикт суугаа Элчин сайд Жу Чинчяо нар оролцсон байна.

            Энэ үеэр Делгадо хэлэхдээ, Мексик бол Латин Америкийн орнууд дундаас Хятадын хоёр вакцины яаралтай хэрэглээг зөвшөөрсөн цорын ганц улс юм гэв.

            Мексикийн Засгийн газар энэ сарын 10-нд Хятадын Цэргийн анагаахын судалгааны хүрээлэн, Cansino компани нарын хамтран бүтээсэн вакцин болон Sinovac компанийн вакцинуудад тус улсад яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон юм.    

Холбоотой мэдээ