Б.Батчулуун: Өрсөлдөгчгүй бол хүн сул, улбагар болчихдог

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-02-19 20:34:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол ноос, ноолуураар хувцас үйлдвэрлэж, жилдээ 3 мянга орчим бүтээгдэхүүний борлуулалт хийдэг “Энх Ундрам Үйлс” ХХК-ийн захирал Б.Батчулуунтай ярилцлаа. Тэрээр анх гурван нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг китель машинтайгаар үйлдвэрлэлээ эхлүүлж байсан бол одоо 20-оод нэр төрлийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг бүрэн үйлдвэрлэх хүчин чадалтай цех болгон өргөжүүлж чаджээ. Ноос, ноолуулан бүтээгдэхүүн улирлын чанартай хэдий ч дулааны улиралд нөөцөө бүрдүүлж, борлуулалт ихтэй саруудад бэлтгэх болсноор жилийн дөрвөн улиралдаа ашигтай ажиллах боломжийг бүрдүүлж чадсан нь түүний үйлдвэрлэлийн нэг онцлог юм.


-Анх яагаад ноос, ноолууран бүтээгдэхүүнийг сонирхож энэ бизнест хөл тавьсан бэ?

-Анх 2007 онд энэ бизнест хөл тавьсан. “Vision fund” сангаас 350 мянган төгрөгийн бичил бизнесийг дэмжих зээл аваад, нэг кительчинтэйгээр ажлаа эхлүүлж байлаа. Үүнийг л би хийж чадах юм байна гэж анзаараад энэ салбарт орсон. Одоо 13 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Сувилагч мэргэжилтэй.

-Сувилагч мэргэжилтэй хүн яг яаж яваад энэ салбарт хөрвөчихөв, шалтгаан юу байв?

-Би сувилагч мэргэжилтэй хэдий ч яг сувилагчаараа ажиллаагүй олон жил болсон. Тухайн үедээ хувийн компанид худалдагч хийдэг байсан. Нэг өдөр 2-р хорооллын 5-р байранд сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийж байгаа өрхийн үйлдвэрлэгчдийг хараад “Яг л миний хийж чадах ажил юм шиг” санагдсан. Тэгээд тэр хүмүүстэйгээ холбогдоод 25000 төгрөгийн үнэтэй таван утас аваад загвараа сонгоод цамц хийлгүүлсэн. Ингээд борлуулалт хийхэд хүмүүс их сонирхож, ашигтай санагдсан. Үүндээ урамшаад өөрийн гэсэн үйлдвэртэй болъё гэж бодоод 2007 оны 6-р сараас эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэсэн.

-Та сүлжмэлийн сургалтад хамрагдсан уу?

-Ерөөсөө хамрагдаагүй. Миний хувьд өөрийн хувийн бизнестэй болъё гэсэн зорилго байсан. Тэр зорилго л хэдий чадахгүй ч гэсэн, чаддаг мэддэг хүмүүсийг авч ажиллуулаад бизнесээ бий болгох боломжийг олгосон. Нэг хүн ажиллаад гарахад ард нь тэр хүнээс нэг ч гэсэн зүйл сураад үлддэг байсан. Одоо бүтээгдэхүүний загварыг гаргаж, китель холбогч хийдэг. Бүтээгдэхүүн сүлжихээс бусад бүх л ажлыг хийдэг.  Бүтээгдэхүүн борлуулах, хэрэглэгчээс захиалга авахад хамгийн чухал юм нь бүтээгдэхүүний загвар гэж боддог.  Тэр чухал юмаа л барьж авсан гэж боддог.

-Үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш бүтээгдэхүүний нэр төрөл хэр их нэмэгдсэн бэ?

-2007 онд зээл аваад үйлдвэрлэлээ эхлүүлэхэд ердөө 2-3 төрлийн бүтээгдэхүүн хийдэг байсан. Тоног төхөөрөмжөө зээлээр авсан учраас бүтээгдэхүүн борлуулаад орлогоороо зээлээ төлж, ашиг нь тоног төхөөрөмж болж үлддэг байлаа. Ингэж явсаар гурван жилийн дотор бид иж бүрэн ноос, ноолууран бүтээгдэхүүн хийх хүчил чадалтай цех болон хувирсан. Үүний дараагаар банкнаас хоёр сая төгрөгийн зээл авч чадсан нь миний хөл дээрээ босох хамгийн эхний эх үүсвэр болсон.

-Одоо үйлдвэрлэлийн хүчин чадал ямар түвшинд хүрсэн бэ?

-Одоо нийт хориод нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, “Хангайн бүс” худалдааны төвд борлуулж байгаа. Хэрэглэгчээс хүссэн өнгө, загвараар захиалга авч бүтээгдэхүүнээ хийдэг. Жилд 2-3 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс 90 орчим хувийг нь Эрдэнэт хотынхоо хэрэглэгчдэд борлуулдаг.

-Танай бүтээгдэхүүн бусдаас юугаараа онцлог, давуу талтай вэ?

-Цэвэр монгол хонины ноосоор бүтээгдэхүүнээ хийдэг нь бидний хамгийн том давуу тал. Бид түүхий эдээ Улаанбаатараас “Сор кашимер”-ээс авдаг.


-Бүтээгдэхүүний сайжруулалтаа хэрхэн хийдэг вэ? Сүүлийн үед хэрэглэгчид ямар загварыг түлхүү сонирхож байна вэ?

-Сүүлийн үед хэрэглэгчид сул, чөлөөтэй загварыг сонирхох болсон. Бид үүнийгээ дагаад сул загвартай биеийн тамирын хослол үйлдвэрлэх болсон нь цар тахлын нөлөөг хүндрэл багатай даван туулах боломжийг бий болгосон. Өнгөрөгч 12-р сард жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч чадсан. Хавраас шинэ тоног төхөөрөмж оруулж ирэх бэлтгэл ажлаа хангасан учраас бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангалттай түвшинд үйлдвэрлэх боломжтой болно гэж харж байгаа. Одоо бидний бүтээгдэхүүний эрэлт их байсан ч үйлдвэрлэх хүчин чадал багаас шалтгаалаад бүтээгдэхүүнээ хангалттай түвшинд үйлдвэрлэж чадахгүй байгаа. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр бүтээгдэхүүний гарц ихэсч, борлуулалт сайжирна гэж бодож байна.

-Өрхийн бичил бизнес эрхлэхэд тулгарч буй гол бэрхшээл юу байна?

-Хөрөнгө санхүү. Хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж маш бага, хүндрэлтэй байдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төсөл бичиж 3, 4 жил өгсөн. Азаар энэ жил л авч чадлаа. Хоёрдугаарт, боловсон хүчин дутмаг. Манайх одоогийн байдлаар дөрвөн ажилтантай. Дийлэнх нь есөөс дээш жил ажилласан учраас хараа муудах зэргээр хөдөлмөрийн чадвар буурч байгаа. Шинэ залуусыг сургаж ажилд авах сонирхолтой байдаг боловч тогтвор суурьшилтай ажиллах нь бага. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, тоног төхөөрөмжөө автоматжуулбал шинэ боловсон хүчнийг бэлтгэх тал дээр анхаарч ажиллана.

-Танайхтай ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг ямар газрууд байдаг вэ? Өрсөлдөх чадварын судалгааг хэр хийдэг вэ?

-Манайхтай ижил төстэй үйлдвэрлэл эрхэлдэг гурваас дөрвөн газар бий. Өрсөлдөгч байх нь зөв. Өрсөлдөгчгүй байхад хүн налайчихдаг, сул, улбагар болчихдог. Өрсөлдөгчдийнхөө ачаар бараа бүтээгдэхүүний сайжруулалтаа хийж, загвараа шинэчилсээр өдийг хүрсэн.

-Цар тахалтай холбоотойгоор танай бүтээгдэхүүн эрэлт хэр зэрэг буурсан бэ?

-Буурсан. Худалдан авалт хамгийн сайн байдаг, оргил үе болох 9, 10, 11-р сарын борлуулалт муудсан. Гэхдээ хэрэглэгчдийн эрэлт, сонирхолд нийцсэн шинэлэг загварыг зах зээлд нийлүүлбэл эрэлт байна гэж харж байна.

-Ноос, ноолууран бүтээгдэхүүний онцлог нь улирлын чанартай санагддаг. Хүйтний улиралд борлуулалт ихэсч, дулааны улиралд буурдаг байх. Үйл ажиллагаагаа тогтвортой явуулах тал дээр ямар бодлого барьж ажилладаг вэ?

-Манайх улирлын чанартай нь үнэн. Барааны хуримтлал үүсч байж, бэлэн мөнгөний хуримтлал үүсдэг гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд маш сайн мэдэрч байна. Ачаалал багатай дулааны улиралдаа бүтээгдэхүүний нөөцийг бий болгосноор ид ачаалалтай үеүдэд борлуулалтаа өсгөх боломж бий болсон. Дулааны улиралд нөөцөө бий болгочихсон учраас борлуулалт ихтэй үед ажилчдынхаа ачааллыг ихэсгээд байлгүй, хэрэглэгчдийн эрэлтийг хангах боломжтой болсон зэрэг олон давуу талтай. Зундаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, өвөлдөө зарагдаж байгаа учраас жилийн дөрвөн улиралдаа ашигтай болоод ирж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа

Холбоотой мэдээ