Бяцхан зүрхэнд хайр бэлэглэх хандивын тоглолт маргааш болно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-02-19 19:04:35
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хорт хавдартай болон эмчилгээний нэн хүнд шатанд орсон хүүхэд багачуудад туслах "Бяцхан зүрхэнд хайр бэлэглэe" хандивын лайв тоглолт маргааш /2021.02.20/-ны 16:00 цагт болно. Тоглолтыг С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр, Бурхан шашинтны төв Гонгандан-дэдлин хийдтэй хамтран зохион байгуулж буй.
Хүүхдүүдийн эмчилгээ, асаргаа сувилгаанд дэмжлэг үзүүлэх зорилготой тус тоглолт нь хүнд өвчнөөр өвдөн шаналж, амьдралын хором мөч бүрийг өвчнөө ялан дийлэхийн төлөө тэмцэж байгаа бяцхан хүүхдүүдэд, тэдний гэр бүлд сэтгэлийн дэм хайрлан, эмчилгээ асаргааны зардалд хувь нэмэр оруулах зорилготой.
Сүүлийн үед 14 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хорт хавдрын тохиолдол жилээс жилд өсөн нэмэгдэж тархи, цус, зөөлөн эдийн, булчирхайлаг эсийн гаралтай хавдар зонхилж байгаа гэсэн эрүүл мэндийн статистик тоо баримт байна. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн байнгын хяналтад 20 орчим нэн хүнд шатандаа орсон хүүхдүүд эмчилгээ хийлгэж байна.
Ташрамд, "Бяцхан зүрхэнд хайр бэлэглэе" тоглолтын данс албан ёсоор нээгдсэн бөгөөд Хаан банк: 5247220485 Ж.Эрдэнэчимэг (ХДТ-н нярав), Төрийн банк: 230000417880 Ж.Эрдэнэчимэг дансанд хандивыг төвлөрүүлэх аж.
Холбоотой мэдээ