Эртний далайн ёроол бүхий тогтоцтой уулыг зоригсдын тоо олширчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-19 12:59:32

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байх, эртний далайн ёроол бүхий тогтоцтой, шохойн чулуун уулыг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдсээр буй аж.

Унаган төрхөө жинхэнээр нь хадгалсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ уулыг Их Хайрхан уул хэмээдэг. Уг уул цавчим өндөр байц хад бүхий хавцлуудтай, 10-15 километр урт аж. 108 хадан агуй, төрөл бүрийн модлог бутлаг ургамал, олон зүйлийн ан амьтантай. Нутгийн ард иргэд ч уг уулыг Манзушир бурхны орон буюу Алтан тэвш уул хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтсээр иржээ. Түүний 108 агуйн дотроос хамгийн том нь Эхийн, Намширын, Бага гэж нэрлэгддэг агуйнууд юм. Эхийн агуй нь 137 метр урт бөгөөд агуйн аман дээр хадаг яндар бүхий том овоо босгосон байдаг. 70 орчим метр газрыг босоогоор явж, цаашлах тусам бөхийж, мөлхөж явсаар мухарт хүрэх ба агуйн адагт сэндэр шороо байх аж.


Энэ шороог эртнээс нааш монголчууд яр шарханд түрхэх байдлаар хэрэглэж ирсэн аж. Эхийн агуй нь Их Хайрхан уулын баруун хойд аманд оршино. Эхийн агуйн аманд хадаг яндар бүхий том овоо байна. Мөн агуйд ирсэн хүмүүс нэр ус, хаягаа үлдээдэг жижиг дэвтэр бий. Агуйд орохдоо лаа болон бамбар хийж ордогтой холбоотойгоор агуйн хана, адар тортог болсон байна. Их Хайрхан ууланд агуй үзэхээс гадна Хайрханы байгалийн өвөрмөц тогтоц ханан хад цохионууд нь үнэхээр гайхамшигтай байдаг аж.


Холбоотой мэдээ