Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс: Мөнгөн бойпор

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-02-19 09:55:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хийц, урын хувьд уран нарийн хийцтэйгээрээ дархлах урлагийн сор үзмэр Далайчойнхор вангийн алдарт уран дархан Гомпилын Ерэнтэйн мөнгөн бойпорыг энэ удаад танилцуулж байна.

 

Энэхүү мөнгөн бойпор нь арслан, хангарьд, зээ бадын товгор дүрсийг бойпорын гурван хөл, хоёр бөөр, оосрынх нь гархины толгойд хөндийлөн сийлж, зоосон хээ, угалз, амьтны дүрсийг хөндий сийлж урласан нь урын хувьд нэн төгс болсон ажээ.



Уран дархан Г.Ерэнтэй: XIX зууны эхэн үеэс Далайчойнхор вангийн хошууны дархчууд хар төмрөөр дархлах, гангаар гоёл чимэглэл, бурхан шашны эд зүйлсийг үзэмж төгөлдөр хийдэг байжээ. Далай вангийн төмрийн урлал нь уламжлал бүхий уран сайхны сургууль юм. Энэхүү сургууль нь өөрийн барил, найруулга бүхий хэдэн үеийн, арван урчуудын бүтээлд боловсорчээ. Далайчойнхор вангийн хошуунд удам дамжсан дархчууд цөөнгүй байсны нэг нь Г.Ерэнтэй (1872-1952) юм. Тэрээр Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Халх даяар нэр цууд гарсан Бөөчүүд овгийн дотроос тодорч гарсан алдарт дархан байв. Ерэнтэй нь бурханы хэрэгсэл, дун, бишгүүр, бойпор, цөгц, хонх зэргийг урладаг байжээ. Түүний хамгийн томоохон бүтээл нь Л.Чавганц гэж алдаршсан шавь Л.Жамбалтай хамтран хийсэн Судрын хэв, төрөл бүрийн арга хэлбэрээр урласан бурхадууд юм. Түүнийн нэг нь Ямандаг бурхан ажээ.

 

Сүм хийдийн хүндэтгэлийн хаалга, бурхан шүтээний өмнө янз бүрийн ур хийцтэй сангийн бойпорыг байрлуулдаг. Энэ нь бурхадын таван мэдрэхүйн нэг үнэрлэхүйг баясгах бэлгэдэлтэйгээс гадна бохирдсон орон зайг ариусгахад тустай гэдэг. Сангийн бойпорыг мөн өрөө тасалгаанд арц, хүж уугиулахад зориулан бүтээж байсан бөгөөд алт, мөнгөн түрхэцтэй зэс, гууль, хүрэл, хаш чулуун зэрэг олон янзын ур хийцтэй бойпорууд бий.



Холбоотой мэдээ