Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс: Цохивор хөгжмийн зэмсгүүд

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-02-17 09:32:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй цохивор хөгжмийн зэмсгүүдийг толилуулж байна.

 

Цохивор гэдэг нь цохиж, дэлдэх, дэлсэх хөгжмийн зэмсгийн нэр юм. Цохивор хөгжмийн зэмсгийг бөөгийн болон буддын шашны зан үйлд өргөн хэрэглэж ирсэн эртний уламжлал бий. Харанга, хэнгэрэг зэргийг дайн байлдааны үед цэрэг эрсийн зоригийг хурцлах, цэргийн сүр хүчийг үзүүлэх зэрэгт хэрэглэдэг байсан аж.


Цохивор хөгжмийн зэмсэгт харанга, хэнгэрэг, цан, сэлнэн, дэншиг, хонх, очир, бөмбөр, дуударам зэргийг багтаан үздэг. Тус музейн сан хөмрөгт шашны зан үйлд ихэвчлэн хэрэглэж байсан цохивор хөгжмийн зэмсгүүд буй.


 Очирт хонх
Очирт хонх нь хэв загварын хувьд олон янз байх ба хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь хурлын хонх юм. Хурлын хонхны гадна байдлыг ерөнхийд нь хээтэй буюу эрээн, хээгүй буюу цулгай хэмээн хоёр хувааж үздэг. Хээтэй хонхыг шарын шашны номын хуралд хэрэглэдэг бол хээгүй хонхыг гол төлөв зодоч, лүйжинч, нууц тарнийн ёсны увдисыг эзэмшсэн авшигтан лам нар хэрэглэнэ.
Очирт хонх нь бариулын толгойд очиртой, мөн хажууд тусгай очир дагалддаг сүмийн уншлагын хонх буюу эгшигтэн, төмөрлөгийн аялгууны аймагт багтах хөгжмийн зэмсэг юм.
Эртний бөө мөргөл, хожим бурханы шашны уншлагын зан үйлд хамгийн өргөн хэрэглэгдэж иржээ. Хонх нь бурханы шашны зан үйлд очирын хамт дамартай хослуулан хэрэглэгдэх ба очирыг баруун гарт атгаж, зүүн гараар хонхыг сэжлэн эгшиглүүлдэг. Хонх, дамрын дуу бол бурхны шавь нарт саад тотгор хийх гэж үргэлж бодож байдаг буг чөтгөрийг үлдэн хөөнө гэж үздэг аж.
Хүрээг нь мөгүү, цохилуурыг нь хэл гэдэг. Гууль, болд, хүрэл зэрэг элдэв төмөрлөгөөр хийдэг.

 

Хэнгэрэг
Хэнгэрэг нь цохивор хөгжмийн зэмсэг, ширийн аялгуун аймаг буюу бүрээсний эгшигтний нам. Дээр үеэс бага гарын хэнгэрэгний цохсон нэр байсан бөгөөд хоёр талдаа бүрээстэй цохивор хөгжмийн зэмсгийн бүгд нэр.
Модон хүрээний хоёр талыг нь үхрийн шир, ямааны арьсаар бүрж хийдэг, бургас эсвэл хуш модон цохиуртай, тэнгэр дуугарах мэт нүргэлсэн дуутай хөгжим юм.
Хэнгэрэгийг дохиуртай, дохиургүй гэж хоёр хуваана. XIII-XIV зууны үеийн ордны хөгжимд 40 төрлийн хэнгэрэг хэрэглэдэг байсныг түүхэн сударт тэмдэглэсэн байна. Уг хөгжмийн зэмсгийг өлгүүр бүхий тавиурт байрлуулан бөө мөргөл, ордны хөгжим, харуул солигдох, зэрэгт хэрэглэхээс гадна бөөгийн шүтлэгтэй ард түмэнд түгээмэл хэрэглэж байжээ.
Эртний монголчууд дайн байлдаан эхлэхийн өмнө үхрийн ширээр бүрсэн хэнгэрэг дэлддэг байсан ба хожим нь буддын шашны цам хэмээх багт бүжигт олон төрлийн хэнгэрэг хэрэглэх болжээ

 

Харанга
Харанга гэх үг нь хүрэл хөөрөг гэдгийн төвд нэр бөгөөдХар-ангэгчийн монгол дуудлага ажээ. Харангыг хүрлээр хийдэг. Их хүрээнд жасаа хурал тэргүүтэн, цагийн хуралд урихад байнга хэрэглэгдэж байсан ба хурал түр завсарлаж лам нар гадаалсны дараа буцаж хуралдаа морилохыг сануулан харанга дэлдэх журам байжээ.
Орчин цагт жүжиг эхлэхийн өмнө болон дуудлага худалдааны үеэр харанга цохиж дохио өгдөг

 

Цан
Цан, сэлнэн хоёр нь нэг язгуурын нэртэй бөгөөд үүсэл нэгтэй гэж үзэж болох бөгөөд том жижгээрээ ялгардаг. Эдгээрийг гууль буюу цасаар хийдэг, хосоор байх бөгөөд хавсарч цохих цохивор хөгжмийн зэмсэг юм. Сэлнэнгийн дуу нь маш яруу туляруу жингэнэгчбуюу сэлнэн гэж дууных нь үүднээс нэрийдсэн аж.
Цанг сахиусны хурлаар голчлон хэрэглэдэг бол сэлнэнг цогчин хурах ба зан үйлийн хуралд өргөн хэрэглэдэг байжээ.
Сэлнэнгийн тархи нь бага, атганд багтах хэмжээтэй, хүрээ нь том ба тархинаас нь атгаж, хавсарч цохидог байна.
Монгол дархчуулдуугаа авалцдагцан гэж маш нарийн бүтэцтэй дуу сайтай цан үйлдэх жор боловсруулж байжээ. Ширэм, мөнгө, зэс гурвыг хольж цутгасан цан нь царгиа дуутай, дэлбээ нь том тусмаа улам их нүргээнтэй болдог байна. Мөн олон зүйлийн хөгтэй том жижиг төрөл зүйлүүд байдаг аж

 

Дуударам
Дуударам бол эгшигтний ангид багтдаг цохивор хөгжмийн зэмсэг юм. Жижиг таваг хүрэл хөөргүүдийг модон жаазанд, дундад журамд дөрөв, хажуу журамд гурваар эгнүүлэн тэлж тогтоон, өндөр ишин дээр байрлуулж, хулсан цохиураар цохиж дуугаргадаг.
Энэ хөгжмийн зэмсгийн гарал их эртний байж болох талтай юм. Учир нь эртний Юань гүрний үед түүнийг хэрэглэж байсан баримт байдаг аж. Энэ тухай “...энэхүү хөгжмийн зэмсэг нь 13 жижиг хөөргийг /дийзийг/ нэгэн модон жаазанд тэлэн тогтоож, жаазын дор урт бариултай, зүүн гараар атгаж, баруун гараар бага цохиураар цохиж дуугаргана. Хүрэл хөөргийн их бага нь цөм адил, зузаан нимгэн нь өөр болох тул дууны тунгалаг ба булингарыг ялгаварлана. Хөөрөгний тоо цөөрсөөр 10-12 болж, шашны хурал номын үеэр өргөн ашиглаж ирсэн. Үүнээс өөр хүрэл хөөрөгт дуударам бас буй. Энэ нь дөрвөлжин модон хүрээн дотор жижигхэн нүх гаргаж, нүх бүрт нь жижиг зэс таваг бэхлээд өндөр ишин дээр байрлуулан хөгжимчин түүний ишнээс баруун гараар барьж, зүүн гараар нарийхан савхаар тавагнуудыг цохиж, аялгуу дуурсган тоглодог ажээ. Энэ хоёрын чухам аль нь урьд гарсанг үл мэднэ. Эдгээрийн хэлбэр байдал, хэрэглэх арга цөм адил, гагцхүү 10 хөөрөгт дуударамын бариул нь охор ажгуугэжээ.
Үүнээс үзэхэд дуударам хэмээх хөгжим бурхан шашны зүйл бус, харин их Юань улсын үед байсан хөгжмийн энэ зэмсгийг нэлээд хожуу шашин номын үйл хэрэгт зээлдэн авсан ажээ.
Их хүрээний хурлын зан үйлд хэрэглэхдээ шинийн найман тэргүүтэй жасаа хуралд хэрэглэдэг байжээ.
Цохивор хөгжмийн дундаас хамгийн сонирхолтой нь дуударам бөгөөд аялгуу сайхантай, уулын тунгалаг горхины чимээг санагдуулна

 

Дамар
Дамар нь дундуураа хотгор, 2 тал дэрэвгэр, уг талуудыг ширээр бүрсэн, утсаар оосорлосон хоёр товчин цохилууртай бяцхан сажуур хэнгэрэг юм. Дамрыг зандан мод, зааны яс болон хүний гавлын ясаар хийдэг. Гавлын ясан дамар бол царгиа дуутай байдаг. Дамрыг мөн наргил модны самрын хальсыг тал дундуур нь хувааж, 2 араар нь нийлүүлэн бөхлөөд, задгай талыг арьсаар бүрж хийдэг байна. Тийм дамрын дуу зөөлдөөд сөөнгө хоолойтой хүний дуу шиг байдаг аж. Хоёр талын бүрээсийг шал гэдэг. Дамранд өнгийн утас, саагаар хийсэн уран хатгамал, эрдэнийн чулуу болон бусад зүйлээр чимэглэсэн даржин /жовдон/ зүүсэн байдаг. Дамар нь бурханы шашны хурал номын уншлагад очирт хонхны хамт хэрэглэдэг. Зодоч нарын хэрэглэдэг арай томхон дамрыг зодын дамар гэдэг аж

 

Холбоотой мэдээ