Японы мужуудын нэгэнд бамбарын буухиа явуулахгүй байхыг хүсжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-17 09:12:50

ТОКИО. /Kyodo/. Коронавирустэй холбоотой нөхцөл байдлын улмаас Японы Симанэ мужийн амбан захирагч Тацуя Маруяма олимпын бамбарыг өөрийн мужаар дайруулан буухиалан авч явахыг зөвшөөрөхгүй байж магадгүй байна. 


Японы Засгийн газар, Токио хотын захиргаанаас авч хэрэгжүүлж буй халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнүүдийг хангалттай үр дүнтэй гэж үзэхгүй байгаа учраас тэрбээр ийнхүү татгалзах хүсэлтэй байгаа аж.


Олимпын наадмын бамбарын буухиа 3 дугаар сарын 25-нд Фукушима мужаас эхэлж, 121 хоног үргэлжлэх юм. Бамбарыг Японы бүх 47 мужаар буухиалан авч явахаар төлөвлөж байна.


Японы нийслэл Токио хотноо энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зуны Олимпын наадам болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг хойшлуулсан хэдий ч “Токио 2020” нэрийг нь хэвээр үлдээхээр болсон юм.

Холбоотой мэдээ