Биткойн цаашид хэрхэх вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-16 13:01:58

МОСКВА. /TASS/. Өнгөрсөн долоо хоногт биткойны ханш дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Биткойныг тойрсон мэдээллээс тус криптовалютын ханш ихээхэн хамаарч байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Яагаад өсөх болов?

Эхлээд “Tesla”-г үүсгэн байгуулагч Илон Маск биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаас гадна компани нь төлбөр тооцоогоо криптовалютаар хийх боломжтой болох талаар мэдэгджээ. Түүнээс гадна өөр нэгэн технологийн аварга “Uber” компанийг үүсгэн байгуулагч Дара Хосроушахи мэдэгдэхдээ, компани цахим мөнгөнд хөрөнгө оруулалт хийх бодолгүй хэдий ч криптовалютыг төлбөр тооцооны арга хэрэгсэл болгон ашиглах боломжтой гэжээ.


Дараагийн мэдээлэл мөн л олны чихийг сортойлгосон юм. Тодруулбал, “Twitter”-н гүйцэтгэх захирал Жек Дорси, дуучин Жей-Зи нар “Btrust” биткойн хөгжүүлэгчдийг дэмжих санд 500 биткойн хандивлажээ.


Үүнээс гадна үйлчлүүлэгчдийнхээ хүсэл таашаалд нийцүүлж криптовалюттай гүйлгээ хийхээ Америкийн хамгийн том хоёр банк зарлав. Тэдний нэг нь хуучны санхүүгийн байгууллагуудын нэг “Bank of New York Mellon Corp.” байсан бөгөөд одоогоор компани криптовалютын хөрөнгийг банкны данс руу шилжүүлэх боломжийг хэлэлцэж байгаа аж. Удалгүй “JPMorgan”-г хамтран удирдагч, үйл ажиллагааны ерөнхий захирал Даниэель Пинто үйлчлүүлэгчид нь хүсвэл ийм арилжааг дэмжихээ илэрхийлсэн байна.


Биткойн өндөр үнэд хүрэхэд нөлөөлсөн өөр нэгэн мэдээлэл нь “Mastercard”-тай холбоотой байв. Компани криптовалютаар төлбөр тооцоо хийхийг худалдааны сүлжээнүүдэд зөвшөөрчээ. Гэсэн ч одоогоор зөвхөн “stablecoin”-г дэмжихээ тус компанийн цахим мөнгө, блокчейн технологи, түншлэл хариуцсан дэд захирал Раж Дамодаран онцлон тэмдэглэсэн байна. “Одоо байгаа криптовалютуудын дийлэнх нь шаардлагад нийцэхгүй учир дэмжих бодолгүй байна” гэж тэрбээр хэлжээ.


Криптовалютын хэтийн төлөв юу вэ?


“Биткойныг түгээмэл ашиглагддаг төлбөрийн арга хэрэгсэл болгоход дасгах үйл явц нь криптовалютыг чухал шинж чанартай болоход нөлөөлнө. Биткойны одоогийн үнэ өсөлтийн хурдасгуур болохгүй ч зарим тохиолдолд дэмжлэг болж, биткойны ханш хэт унахаас сэргийлнэ” хэмээн Оросын "Регион" компанийн дүн шинжилгээний газрын захирал Валерия Вайсберг ярьжээ.


“S&P 500”-ийн бусад том компани төлбөр тооцооны системдээ биткойныг оруулах тухайгаа цаашид мэдэгдсээр байх аваас биткойны үнэ шууд өсөх нь эргэлзээгүй. Гэсэн ч өсөлт удаан үргэлжлэх эсэх нь олон хүчин зүйлээс шалтгаална. Одоохондоо харилцан төлбөр тооцоо хийхэд тогтвортой криптовалютуудыг ажиглах боломж их байна” хэмээн “FxPro”-н ахлах шинжээч Александр Купцикевич ярьжээ.


“Ийм нөхцөлд биткойнд бооцоо тавих нь эртэднэ. Энэ валют энгийн харилцан төлбөр тооцооны хувьд хэтэрхий дэгдэмхий. Тухайлбал, биткойнд хөрөнгө оруулах нь “Tesla”-гаас илүү биткойнд ашигтай гэж үзсэн учир “Tesla”-гийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын асуудалд тийм ч бүрэн дүүрэн санал нэгтэй байгаагүй юм” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.


Харин Оросын крипто эдийн засаг, хиймэл оюун ухаан, блокчейн нийгэмлэгийн ерөнхийлөгч Юрий Припачкин сүүлийн үеийн мэдээллийг тун нааштайгаар хүлээж авчээ.


"Mastercard шиг түвшний үндэстэн дамнасан санхүүгийн компанийн зах зээлд нэвтрэх нь криптовалютын зах зээлд “Tesla”-гаас нэг удаадаа 1.5 тэрбум ам.долларын  хөрөнгө оруулалт авахаас илүү эерэг нөлөө үзүүлж, биткойны ханшийг хамгийн дээд үзүүлэлт болох 44.8 мянган долларын таамаглалын өсөлтөд хүргэсэн гэж бид үзэж байна. Зах зээл энэ хөрөнгөд итгэх итгэлийг бэхжүүлэхийн тулд нэг утгатай дохио өгөх нь хөрөнгө оруулагчид криптовалютыг эерэгээр хүлээж авахад нь нөлөөлөхгүй байхын аргагүй. Биткойны үнэ өсөж, хөөсрөл нь буурч буй нь үүний үр дүн юм” хэмээн тэрбээр ярив.


Биткойны статус ямар болох вэ?

Санхүүгийн зах зээлд бүрэн оролцоотой болоход криптовалютад саад болж буй гол асуудал нь зохицуулалттай холбоотой. Криптовалют зөвхөн хэдхэн оронд л албан ёсны статустай болсон. Тэдний нэг нь криптовалют төлбөрийн албан ёсны арга хэрэгсэл болсон Япон улс юм. Гэсэн ч татварын хэмжээ нь тус улсад нэлээд их. Тухайлбал, иргэдийн криптовалютын гүйлгээнээс олох орлогод ногдуулсан татвар нь 55 хувьд хүрч болзошгүй байна.


Эстонид криптовалют албан ёсны статустай. Тус улсад эрх баригчид криптовалютыг төлбөрийн өөр нэгэн хэрэгсэл гэж үзэж байна. Криптовалютын гүйлгээнээс олсон орлогод НӨАТ ногдуулаагүй аж.


АНУ-д криптовалютыг хууль ёсны болгох асуудал удаан хугацаанд яригдаж байна. Энэ хөрөнгийг АНУ-д өмч, биржийн бүтээгдэхүүн, төлбөр төлөх өөр нэгэн арга хэрэгсэл гэсэн гурван өнцгөөс харж байна. Өнгөрсөн онд Төлөөлөгчдийн танхим, сенатын гишүүд криптовалютын зохицуулалтын тухай 32 хуулийн төслийг танилцуулжээ. Шинэ ерөнхийлөгчийн бодлого энэ зах зээлд нөлөөлөх болов уу?

 

Эдийн засгийн Нобелийн шагналтан, Нью-Йоркийн их сургуулийн профессор Нуриэль Рубини “Твиттер”-тээ бичихдээ, криптовалютын зохицуулалтыг эхлүүлэхийн тулд Жо Байдены засаг захиргаа өмнө үеийнхээсээ илүү хүчин чармайлт гаргана гэжээ. Эрх баригчид татвараас бултах явдал болон мөнгө угаалтаас зайлсхийхийн тулд цахим мөнгөний хэрэглээтэй илүү сайн тэмцдэг болно гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлэв.


Харин АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, криптовалютыг буруугаар ашиглах явдал нэмэгдэх болсон гэжээ. "Технологи ихийг амлавч нэгэнтээ санхүүгийн терроризмын арга хэрэгсэл болжээ" хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Түүнийг ийнхүү мэдэгдсэний дараа эрх баригчид криптовалютын зах зээлийг илүү анхааралтай ажиглаж, ямар зохицуулалт хийх талаар хууль баталж магадгүй юм.


Биткойны үнэ ямар болох вэ?

“Өнгөрсөн оны сүүлчээр биткойны ханш 10 мянган ам.доллароос 42 мянган ам.доллар хүртэл огцом өсөөд зогссон бол одоо дахиад өсөлтийн шинэ давлагаа эхэлж байна. Энэ удаагийн давлагаа анхны криптовалютыг 61 мянган ам.доллароос 62 мянган ам.долларт хүргэх чадвартай. Биткойн өсөх хандлагатай болоод байгаа төдийгүй ойрын хугацаанд 50 мянган ам.долларын босгод хүрч магадгүй байна” хэмээн “FxPro”-н шинжээч ярьжээ.


“Биткойны ханш цаашид өсөх нь даамжиггүй. Учир нь зах зээлийн анхны бөгөөд хамгийн ач холбогдол бүхий энэхүү криптовалютын олборлолт нь алгоритмчлагдаж, 21 сая ширхгээр хязгаарлагджээ” хэмээн тэрбээр хэлэв.


Криптовалютыг ерөнхийдөө хөрөнгө оруулалтын объект гэж харах нь зөв үү?


Урт хугацааны хөрөнгө оруулалтад нийцэхүйц криптовалютууд гэж бий. Эдгээр нь криптовалютын алт, мөнгө гэгдэх биткойн, эфириум юм. Анхны болон биткойноос хойш үүссэн альткойнд хөрөнгө оруулахад зориулагдсан дэд бүтэц өргөжин тэлэх болно. Биткойн түүхэн дээд үзүүлэлтүүддээ хүрч өсөх болгондоо маш олон уналтыг давж гарсан юм. Биткойн нь математикийн хувьд оновчтой санхүүгийн стратегитай бөгөөд нийлүүлэлт нь хязгаарлагдмал юм.

 

Холбоотой мэдээ