Эдийн засгийн хямрал хорт хавдраар нас барахад нөлөөлдөг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-09 12:35:11

ВАШИНГТОН. /VOA/. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал 500 мянган хүнийг хорт хавдраар нас барахад нөлөөлсөн байж магадгүй байна.   

“Ланцет” гэдэг анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар, хямралын улмаас ажлын ажлаасаа халагдах нь эрэгтэй хүний хувьд булчирхайн хорт хавдар, харин эмэгтэй хүний хувьд хөхний хорт хавдар тусахад  нөлөөлдөг байна. Ийм төрлийн хавдруудыг орчин үеийн анагаах ухаан хялбархан эмчилж байгаа билээ. Түүнчлэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн  аль алиных нь хувьд гэдэсний хорт хавдар тусах магадлал хямралын үед өсдөг ажээ.

Энэхүү судалгааг явуулсан эрдэмтэд эрүүл мэнддээ зарцуулж буй мөнгөний хэмжээ болон ажилгүйдлийн түвшин 1 хувиар өсөхөд хорт хавдраар нас барах тохиолдол хэрхэн өсч байгаа талаарх хамаарлыг тооцоолсны үндсэн дээр ийм дүгнэлт хийсэн байна. Судалгааны багийн ахлагч Махибен Марутхаппу ярихдаа "хямралын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг танах нь олон хүн амь насаа алдахад хүргэдэг гэсэн дүгнэлтийг бид хийлээ" гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт мөнгө санхүүгийн хомсдол бий болсон тохиолдолд тухайн өвчтөн ижил түвшний халамж үйлчилгээ авч чаддаг байхаар үр ашигтай зохицуулалт хийх хэрэгтэй” гэдгийг онцлон дурдлаа.

Бүх нийтийн эрүүл мэндийн халамж үйлчилгээг бий болгосноор ажилгүйдэл болон хорт хавдраар нас барах эрсдэл хоорондын хамаарал үгүй болно гэдгийг судалгаа харуулж байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ