Шинжилгээний явуулын багууд хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 16 хорооны 20 057 иргэнээс PCR шинжилгээ авахаар суурин 13 цэг, явуулын 50 баг өнөөдөр ажиллаж байна.
Нэг хүнээс 1-2 минутад шинжилгээ авч байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар СХД-ийн 13 дугаар хороон дээр шинжилгээ авч буй явуулын цэгийн ажилтай танилцав. Тэрбээр, “Шинжилгээ өгч буй иргэдийг хүлээлгэж дараалал үүсгэхгүйд анхаараарай. Нэг баг шинжилгээгээ авч дуусвал нөгөө цэг дээрээ хүч нэмж, хоорондоо уялдаа, зохион байгуулалттай ажиллах нь чухал” гэлээ.
Улмаар өглөө, оройны оргил ачааллын цагаар нийтийн тээврийн тоог нэмэхийн зэрэгцээ, зөвшөөрөгдсөн салбарын байгууллагууд дотоод зохион байгуулалт хийж, ажилтнуудынхаа тав хүртэл хувийг нь биечлэн ажиллуулах шийдвэрийн хэрэгжилтийг хянахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.