Шинжлэх ухааны салбарын охид, эмэгтэйчүүдийн олон улсын өдөр

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-02-11 10:13:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийг 2 дугаар сарын 11-нд (өнөөдөр) тэмдэглэдэг.  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2015 оны 12 дугаар сарын 22-ны тогтоолоор энэ өдрийг бий болгожээ. Гэхдээ эмэгтэйчүүд, охидод боловсрол эзэмших, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бий болгохыг засгийн газар, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудад уриалсан байдаг юм билээ.


Эмэгтэйчүүд, охидыг энэ салбарт татан оролцуулах үйл хэрэгт сүүлийн жилүүдэд дэлхийн хамтын нийгэмлэг ихээхэн амжилт гаргасан гэж үздэг аж. Шинжлэх ухааны докторын зэрэгтэй хүмүүсийн 43 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. Гэхдээ байгалийн шинжлэх ухаан, тоо, инженерийн ухаан, аж үйлдвэр, барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгааг  судалгаагаар тогтоожээ. Мөн шинжлэх ухааны салбарын  Нобелийн шагналын эздийн  3 хувийг эмэгтэй эрдэмтэд эзэлдэг гэсэн баримт байна.


Шинжлэх ухааны ололт, ялангуяа шинэлэг бүтээл гаргах ажил мэргэжилд эмэгтэйчүүдийн талаарх нийгэм дэх буруу ташаа ойлголт, хүйсийн ялгаа, нийгэмд тогтсон хэвшмэл сэтгэлгээ нь эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлдөг гэж  НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага үздэг байна. Тус байгууллагаас охид, эмэгтэйчүүдийг ялгаварлах эцэг эхчүүд, ажил олгогчид, багш нарын хандлагыг өөрчлөх, олон нийтийн буруу ойлголтыг засах, цэгцтэй  мэдлэг олгох ажлыг  зар сурталчилгаа, технологийн компаниудтай хамтран хэрэгжүүлэх зорилт дэвшүүлжээ. 


Дэлхийн нийт судлаачдын 28.8 хувийг эмэгтэй судлаачид бүрдүүлдэг байх юм. Тэднийг бүс нутгаар нь авч үзвэл Төв Ази (48.1 хувь) тэргүүлж,  Латин Америк   (45.4 хувь), Арабын улсууд   (39.8 хувьТөв болон Зүүн Европт   (39.5 хувь удаалж байна гэсэн мэдээллийг  ЮНЕСКО-гоос гаргажээ. Эдгээр нь шинжлэх ухааны салбар дахь охид эмэгтэйчүүдийн талаарх тоо баримт судалгаа юм.


Монгол улсын шинжлэх ухааны салбар дахь охид, эмэгтэйчүүдийн талаар зарим нэг тоо баримтыг авч үзье. Шинжлэх ухааны академи  (ШУА)  59 акаемичтэй. Түүний 3 нь эмэгтэй байх жишээтэй. ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд 1122 ажилтан албан хаагч ажилладаг. Түүний 547 нь эмэгтэйчүүд байна. Тэдний дундаж нас 30-35 байгаа нь сайшаалтай.


Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ихэнх нь охид, эмэгтэйчүүд байдаг юм байна. Тухайлбал, бакалавр, магистрын зэрэгтний 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн судалгаа олон улсад байна. Монгол улсын хувьд ч ижилхэн. Манай улсын боловсрол, эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудын 80 (эрүүл мэнд 81 хувь, боловсрол 82 хувь) орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байх жишээтэй.


Шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний болон удирдах төвшний ажил эрхлэхэд охид, эмэгтэйчvvдийг ялгаварлах эцэг эхчүүд, ажил олгогчид, багш нарын хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж олон улс үздэг аж. Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ном, сонин сэтгүүл, сурах бичиг, сурталчилгааны материал дээр эмэгтэй хүний үүргийг хязгаарлагдмал байдлаар харуулдаг.  Улмаар охид, эмэгтэйчүүд өөрсдийгөө эрдэмтэн, судлаач, шинийг санаачлагч, инженер, зохион бүтээгч болно гэдэгт итгэл  муутай байдагтай нь холбоотой ажээ.


Жендэрийн тухай эдгээр буруу ташаа ойлголтууд нь эмэгтэйчүүдийн ажил мэргэжилд, ялангуяа шинжлэх ухааны шинэлэг ололт, бүтээл гаргахад нь сөргөөр нөлөөлдөг гэж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага үздэг байх юм. Тийм учраас эмэгтэйчүүдийн тухай нийгэмд тогтсон ойлголт уламжлалаас болж  тэд гадуурхагдаж байгаа болохоос эрэгтэйчүүдийн нэгэн адил шинжлэх ухааны нээлт хийх боломжтой гэдгийг нийтэд ойлгуулах, ийм соёл бий болгохын тулд олон улсад энэ өдрийг тэмдэглэх зайлашгүй шаарлагатай  болжээ.

Холбоотой мэдээ