АНУ Мьянмарын цэргийн удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-11 09:26:05

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Мьянмарт цэргийн эргэлт хийсэн удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ авах тухай гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурснаа лхагва гарагт мэдэгдлээ.


“АНУ Мьянмарт өнгөрсөн долоо хоногт цэргийн эргэлт хийх чиглэл өгсөн цэргийн удирдагчид, тэдний гэр бүлийн гишүүд, бизнесийн ашиг сонирхлын эсрэг нэн даруй хориг арга хэмжээ авна” гэж уг баримт бичигт дурджээ.


Мөн Мьянмарын генералуудыг тус улсын Засгийн газрын АНУ дахь санд хадгалагдаж байгаа нэг тэрбум ам.долларыг зарцуулах боломжийг хязгаарлах алхмуудыг хийж байгаа ажээ.


Мьянмарт өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр 19 настай эмэгтэй толгойн тус газраа буудуулсны улмаас нийслэл Нейпидо хотын эмнэлэгт хүргэгдсэн юм. Цагдаа нар мягмар гарагт жагсагсдыг тараахын тулд усан болон резинэн сумтай буу ашиглаж, анхааруулах гал нээсний дараа Мья Тве Тве Хаинг шархаджээ. Түүний шарх бууны сумныхтай ижил байсныг хүний эрхийг хамгаалах бүлгүүд мэдээлжээ.


Мьянмарт цэргийнхэн ардчилсан замаар сонгогдсон Аун Сан Су Чигийн Засгийн газрыг түлхэн унагаж, цэргийн эргэлт хийснийг эсэргүүцсэн олон арван мянган иргэн жагсаал цуглаан өрнүүлж байгаа юм. Цагдаагийн ажилтнууд жагсагчдын эсрэг хүч хэрэглэх болсны улмаас иргэд хүнд гэмтсэн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа боловч одоогоор хэн нэгэн нас барсан тухай мэдээлэл алга байна. 

Холбоотой мэдээ