Бүх нийтийн монгол хэл, бичгийн хэрэглээний чадварыг дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-10 17:27:03

Ховд /МОНЦАМЭ/. Мэргэжлийн байгууллагууд монгол хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий олон талт ажлыг Ховд аймагт хэрэгжүүлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Хэлний бодлогын Ховд аймгийн салбар зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөл, Боловсрол соёл урлагийн газрын төлөөллүүд  өнөөдөр хуралдав.  

Хурлын үеэр зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, ажиллах журмыг шинэчлэн батлах, 2021 оны ажлын төлөвлөгөөг боловсруулах тухай асуудлыг талууд хэлэлцлээ.  

Энэ үеэр төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэг, чадварын түвшин тогтоох үйл ажиллагаа зохион байгуулах, Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3, “Монгол хэл, бичиг” аймгийн дэд хөтөлбөрийг иргэдэд танилцуулахаар болов.

Мөн байгууллагуудын хаягийг үндэсний бичиг болон кирилл бичгээр хослуулан бичих, албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахад архив, бичиг хэргийн ажилтнууд, төрийн албан хаагчдыг чадваржуулах, төрийн бүх шатны байгууллагууд хамт олноороо монгол бичигтэн болох аян, хөдөлгөөн өрнүүлэхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн бүх нийтийн монгол хэл, бичгийн хэрэглээний чадварыг дээшлүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичиг үсгийн өдөр"-ийг өргөн цар хүрээтэй тэмдэглэх зэрэг монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэхэд чиглэсэн үе шаттай ажил, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. 

Холбоотой мэдээ