Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд киоск машиныг суурилууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-08 14:35:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны зардлаас хөрөнгийг гарган программ хангамжийн хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий киоск машиныг аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд суурилууллаа.

Иргэний үнэмлэх, банкны картаа ашиглан тус төхөөрөмжөөс 58 төрлийн лавлагаа мэдээллийг авч, 108 төрлийн үйлчилгээний төлбөр тооцоог хийх боломжтой аж. Тухайлбал, харилцаа холбоо, татвар, даатгал, торгуулийн төлбөр тооцоог хийх, хот хоорондын автобусны тасалбар захиалах гээд бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс авах юм. Аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр өдөрт дунджаар 400 гаруй хүн үйлчлүүлдэг бөгөөд үйлчилгээ бүрийг цахимжуулж, ил тод, нээлттэй болгоод байна.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй байлгах “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ХУР систем, ТҮЦ машин зэрэг технологийн шийдлүүдийг аймагт шат дараатай нэвтрүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ