“Эрдэнэс Монгол” ХХК анх удаа ногдол ашиг хуваариллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-05 12:06:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэсийг иргэн бүрт” уриатай “Эрдэнэс Монгол” ХХК 2007 онд байгуулагдсанаас хойш анх удаа 100 сая ширхэг хувьцаанд хоёр тэрбум 37 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүллээ.


2019 онд нийт 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265.0 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ.


Нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд 2019 онд хэрэгжүүлсэн менежментийн үр ашгийн тооцоо, аудит хийсэн санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашгаас ийнхүү ногдол ашиг хуваарилж байгаа юм.


Тус компани стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, оновчтой хөрөнгө оруулан, улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бодит хувь нэмэр оруулдаг. Мөн бүс нутагтаа өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалт, менежментийн компани болох зорилт тавьжээ.


“Эрдэнэс Монгол” нэгдэл хайгуулын болон ашиглалтын нийт 13 тусгай зөвшөөрөл эзэмшиж, 13 охин компани, хоёр төслийн нэгжтэй үйл ажиллагаа явуулдаг.


Зээлтэй ахмадууддаа өнгөрсөн онд санхүүгийн дэмжлэг үзүүлж  “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК эзэмшдэг Салхитын мөнгөний ордын олох ашгаас “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн.


Харин энэ онд “Эрдэнэс бонд” гарган тавдугаар сард зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох юм.

 

Холбоотой мэдээ