Блүүмбэрг: Долларын уналт дөнгөж эхэлж байна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-02-04 14:43:30

Коэффициентоор тооцож ирсэн бүхий л түүхэнд Америкийн дотоодын хуримтлалын цэвэр итгэлцүүр үзүүлэлт /net domestic savings rate/ хамгийн доод түвшиндээ хүртлээ унасан нь тус улсын эдийн засгийг гадаад орнуудын валютаас улам бүр хамааралтай болгож байна. Энэ тухай Блүүмбэрг агентлагийн цахим хуудсанд судлаач Стивен С.Роуч дүгнэн бичсэнийг  орчуулан хүргэе.   


Өнгөрсөн оны 3 дугаар сард огцом өссөн долларын ханш коронавирусийн цар тахлын улмаас эрчимтэй унаж эхлэв. Америкийн худалдааны гол түнш орнуудын валютуудтай харьцуулахад ханш 10-12 хувиар буурснаар 2018 оны эхэн үеэс хойших хамгийн доод түвшинд хүртлээ уналаа. Гэхдээ энэ бол уналтын ёроолын цэг биш ээ.


2021 оны сүүлч гэхэд ханш 35 хувиар унана гэж өнгөрсөн оны 6 дугаар сард миний хийж байсан таагүйхэн таамаглалд үндэслэн дүгнэлт хийвээс, бейсболын тоглолтын 9 үеэс дөнгөж 3 дахь үеийг бид үзэж байна гэсэн үг. Хэрвээ энэ таамаглал батлагдвал улс орноо удирдаж эхэлж буй АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Ж.Байдений засаг захиргааны өмнө маш том “анхаарлын тэмдэг” босч ирнэ. 


Ханш суларсан 3 гол шалтгаан


Гол өрсөлдөгч валютуудтай харьцуулахад доллар нь 2018 оны эхэн үеэс хойших хамгийн доод түвшинд арилжаалагдаж байна. Миний бодлоор, долларын уналтанд нөлөөлж буй 3 гол шалтгаан бий.  Үүнд: 1) АНУ-ын төсвийн урсгал тэнцлийн алдагдал эрс өссөн  2) еврогийн ханш өссөн  3) Долларын ханшны уналтын эсрэг Холбооны нөөцийн сангийн зүгээс хийж чадах зүйл тун хомс байгаа явдал. Эдгээр шалтгааныг харгалзан үзвээс, доллар суларна гэсэн итгэл үнэмшил  миний хувьд 6 сарын өмнөхтэй харьцуулахад улам лавширч байна. Тэгэхээр дараах хүчин зүйлүүдийг тооцож үзэх нь зүйтэй гэж үзлээ.  


Худалдааны урсгал тэнцэл  


Урсгал тэнцлийн алдагдал /худалдаанд хамгийн өргөн хэрэглэгддэг хэмжүүр/ 2020 оны II улиралд ДНБ-ний 1,2 хувиас 3,3 хувь хүртэл нэмэгдэж, улмаар III улиралд дахин 0,1 пунктээр өслөө. II улиралд гарсан алдагдал нь тооцоолол хийж ирсэн бүхий л үеийн турш дахь хамгийн их бууралт байсан бөгөөд алдагдлын хэмжээ 2008 оны сүүлч үеэс хойших хамгийн тааруу үзүүлэлт болж байна. 


Худалдааны алдагдал өссөөр


Дотоодын хадгаламж буурч буйн шалтгаан нь Ковид-19-ийн улмаас холбооны төсвийн алдагдал нэмэгдэж байгаа явдал юм. Улс орны дотоодын хуримтлал бага байгаа үед гадны илүүдэл хуримтлалыг импортлохоос аргагүйд хүрдэг ба ингэснээр гадаадын хөрөнгийг татах үед урсгал тооцооны тэнцлийн алдагдал үүсдэг. 


Энэ бүх төсөөлөл таамаглал амьдрал дээр батлагдсан нь гайхмаар зүйл биш. Хадгаламжийн /бизнес эрхлэгчид, хувь хүмүүс, засгийн газрын хуримтлал/ цэвэр коэффициент 10 жилийн хугацаанд анх удаагаа II ба III улиралд 0-ээс доошиллоо. Дотоодын хадгаламжийн /хуримтлалын/ коэффициент 3,8 пунктээр буурч, II улиралд хасах руу оржээ. Гэтэл I улиралд +2,9 байсан юм. Энэ бол ажиглалт хийж ирсэн хугацаан дахь хамгийн их бууралт мөн.


Дотоодын хуримтлалын коэффициент буурсан нь 2,2 их наяд долларын тусламжийн тусгай багц (Cares Act) гаргасантай холбоотой. Багцын зорилго нь цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үед иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх явдал юм. Ковид-19 улам тархсаар байгаа учраас 2,8 их наяд долларын дахин нэг тусламжийн хөтөлбөрийг санал болгож байгаа бөгөөд үүнээс 900 тэрбум долларын багцыг нь 2020 оны 12 дугаар сард хуульчилсан билээ. Үлдсэн 1,9 их наядын багцыг нь Байден санал болгосон юм.

Ковидтой тэмцэх тусламжийн багцын нийт хэмжээ 5 их наяд доллар буюу ДНБ-ий 24 хувьтай тэнцэж байна. Шууд утгаар нь уг багцыг эдийн засгийг идэвхжүүлэгч нөлөөтэй гэж тодорхойлох боломжгүй боловч эдийн засаг руу орж буй мөнгөний хэмжээ  нь өмнөх бүх дээд үзүүлэлтээс хол давлаа. Үүнээс шалтгаалан дотоодын хуримтлалын коэффициент О-ээс улам доошлох бөгөөд нэгэнт үүссэн урсгал тэнцвэрийн алдагдал улам нэмэгдэнэ. Хэдийгээр гадаад талдаа урсгал тооцооны алдагдал 2005 оны үеийн 6,3 хувь гэсэн рекорд үзүүлэлтэд хүрэхгүй ч гэсэн тун дөхөх болно.


Евро


Долларын тухайд миний дэвшүүлсэн сөрөг таамаглалын талаарх дүгнэлтүүдийн гол санаа нь “өөр хувилбар байхгүй” гэсэн ганц л үгээр илэрхийлэгдэж байна. Би үүний эсрэг байгаа бөгөөд юань, еврогийн ханш өснө гэсэн дүгнэлтээ тайлбарлахаар оролдлоо. Түүнчлэн үнэт металлууд болон цахим валютад анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.


Өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш Хятадын юанийн ханш 4 хувиар өсөж, улам чангарсаар байгаа нь ковидын дараах сэргэлтийн тэргүүнд эгнээнд Хятад улс явж буйг харууллаа. Энэ хугацаанд еврогийн ханш бараг өөрчлөгдсөнгүй. /үүний өмнөхөн 2-5 дугаар сарын хооронд 7 хувиар өссөн/. Миний хувьд евроскептик буюу Европын нэгдэлд үл итгэгч хүн учраас нэгдмэл валютын тухайд тодорхой зүйлийг хэлж чадахгүй нь. Учир нь, валютын энэ холбоонд маш том нэг дутагдал бий. Тэр нь юу вэ гэхээр, Европын Холбоо нэгдсэн нэг валюттай, нэг Төв банктай боловч санхүүгийн нэгдсэн бодлогогүй байгууллага юм. 


Гэтэл өнгөрсөн оны 7 дугаар сард гайхал төрүүлэхээр үйл явдал боллоо. Германы Канцлер А.Меркель, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нар 750 тэрбум еврогийн /908 тэрбум доллар/ тусламжийн багц гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд түүнд “Шинэ үеийн Европын Холбооны сан” /Next Generation EU fund/ гэдэг бүс нутгийн хөтөлбөр багтаж байгаа юм. Энэхүү багц нь санхүүгийн хоосон орон зайг нөхөж чадсан бөгөөд ингэснээр гол валютуудын дотроос хамгийн дутуу үнэлэгдэж буй еврогийн хувьд нэг ёсондоо “Хамильтоны акт” болж магадгүй.  


Еврогийн ханшийн өсөлт


2020 оны эхнээс Европын валютын ханш чангарсаар байгаа. Үүний сацуу алтны үнэ 6, 7 дугаар сараас өсөж, дараа нь буурсан бөгөөд жилийн үзүүлэлтээр уг өсөлт бараг мэдрэгдсэнгүй. Харин криптовалютын хувьд байдал огт өөр байлаа. Өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш ханш нь 4 дахин өссөн биткоины талаар надад үнэндээ тодорхой ойлголт байсангүй. Биткоины ханшийн өсөлт дамлан хөөргөдөлтөөс үүдэлтэй түүхэн дэх хамгийн том хөөсрөл байлаа.


Холбооны нөөцийн сан


Урсгал тэнцлийн алдагдал ихэссэн үед Төв банк мөнгөний бодлогоо чангатгадаг. Гэтэл одоогийн ХНС-д энэ нь ямар ч хамаагүй болж байна. Өнгөрсөн оны 8 дугаар сард инфляцийг онилсон бодлого явуулж эхэлсэн тус сан “Аливаа инфляцийн хөөрөгдлийн эсрэг арга хэмжээг урьдчилж бус харин дараа нь авах болно” гэсэн маш том мессежийг өглөө.  


Орчин үеийн мөнгөний онол ч гэсэн долларт тус дэм болж чадахгүй. Өр, алдагдал хоёр бол нам инфляци ба доогуур тогтоосон бодлогын хүүтэй заавал холбоотой байх албагүй. Гэхдээ хуримтлал /хадгаламж/ байна гэдэг нь хуримтлал байхгүй гэдэгтэй адил нөлөөг үзүүлнэ. Дотоодын хуримтлал багасч буйг нөхөхийн тулд АНУ гадаадын хөрөнгө оруулалтад улам ихээр найдвар тавьж байгаа. Энэ үед ХНС-гийн авч буй цаг хугацаанд баригдаагүй тоон зөөлрүүлэлтийн арга хэмжээ нь илүүдэл ликвид чанарыг бий болгож байна. Энэ нь долларын ханш цаашдаа сулрах магадлал улам ихэсч буйг харууллаа.


Цар тахал үргэлжилж, дараалсан хоёр удаагийн уналтын улмаас улсын эдийн засаг хямралын ирмэгт ирээд буй энэ үед эдийн засгийн тусламжийн дахин нэг багцыг гаргахаас өөр арга эрх баригчдад байхгүй. Ийм шийдвэрийн үр дагавар нь ямар ч том эдийн засагт мэдрэгдэх болно. Америкт хуримтлал хүрэлцэхгүй байгаа нь долларын ханш суларна гэдгийг урьдчилан хэлээд өгч байна.

Нийтлэлийг бичсэн Стивен С.Роуч / Stephen S. Roach/ бол “Morgan Stanley Asia” компанийн захирлаар ажиллаж байсан хүн бөгөөд одоо Йелийн их сургуулийн дэргэдэх Жексоны нэрэмжит Дэлхий дахины асуудлыг судлах хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан юм. Тэрбээр “Тэнцвэрт бус байдал: Америк ба Хятадын харилцан хамаарал” гэдэг номыг бичжээ.


Б.Адъяа

Эх сурвалжууд: https://inosmi.ru/economic/20210126/248993776.html

https://www.bloomberg.com/opinion/articles/2021-01-25/the-dollar-s-crash-is-only-just-beginning?srnd=opinion

 

 

 

Холбоотой мэдээ