Мьянмарын цэргийнхэн хэдэн зуун хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-02 09:58:34

ТОКИО. /Kyodo/. Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын удирдлага, идэвхтнүүд, мөн төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд, Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чи зэрэг нийт хэдэн зуун хүнийг баривчилжээ.


Түүнчлэн эрх баригч намаас парламентад сонгогдсон бүх депутатыг баривчилсан байна. Мьянмарын үндэсний цөөнхийг төлөөлж буй намуудын депутатууд болон цэргийнхнийг шүүмжилсэн зарим нийгмийн зүтгэлтнүүдийг ч мөн цагдан хорьжээ. Аун Сан Су Чиг гэрийн хорионд оруулсан байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд эрх баригч намын удирдлагуудын гэр бүлийн олон гишүүн байгаа аж.


Мьянмарын цэргийнхэн хоёрдугаар сарын 1-нд буюу даваа гарагт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоож, улс орныг хяналтдаа авсан билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуульд томоохон хэмжээний луйвар хийсэн тул ийм шийдвэр гаргасан гэж цэргийнхэн тайлбарласан юм. Парламентын сонгуульд “Ардчиллын төлөө үндэсний холбоо” нам томоохон ялалт байгуулсан бөгөөд даваа гарагт Засгийн газраа эмхлэн байгуулах ёстой байжээ. 

Холбоотой мэдээ