Барилгын компаниудын үйл ажиллагааг эхлүүлэх санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-01 16:39:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас цар тахлын голомтод ажиллаж буй албан хаагчдыг түрээслээд-өмчлөх орон сууцанд хамруулах бодлого баримталж байна.


Энэ хүрээнд НОСК коронавируст цар тахлын хүнд үед барилгын салбарын борлуулалтыг дэмжиж 87 тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авч, түрээслээд-өмчлөх хэлбэрээр төрийн албан хаагчид, иргэдэд олгож байгаа талаар УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хэлэв.


Тэрбээр, цар тахлын нөхцөл байдал нь эдийн засаг, нийгмийн бусад салбарыг хүндрүүлж, нийгэмд ялгавартай, тэнцвэргүй байдал үүсгэж буйг хөндөөд, тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, төрийн зарим үйлчилгээг цахимаар шийдэж байгаа ч цахим хэрэглээнд бүрэн шилжих боломжгүй иргэн, оюутан сурагч хоцрогдож байна. Иймд НЗДТГ БШУЯ хамтран гуравдугаар сарын нэгнээс танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэл хангаж байгааг хэлсэн юм. 


Нийслэлд хөл хорио хэвээр үргэлжилсээр байвал дөрөвдүгээр сарын 1 гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог салбарын эрдэмтэн, судлаачид гаргажээ.


Иймд эрсдэлийн зэргийг тооцоод, хөл хориог үе шаттай бууруулж, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж байна гээд барилгын компаниудын үйл ажиллагааг эхлүүлж, ажлын байр хадгалах саналыг Д.Сумьяабазар гаргав. Мөн Улаанбаатар хотод тусгаарлах байруудыг яаралтай шинээр нэмж байгуулахыг зорьж байна.


“Коронавируст  халдварын тохиолдол нэмэгдэж, хөл  хорио тогтоох  үед нийслэлд  нэгдсэн дата баазгүйгээс аль  хэсэгт хэр түвшний хөл  хорио тогтоож, ямар арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулахад мэдээлэл хангалтгүй байсан. Иймд Нийслэлийн Инновац технологийн газар бусад  албатай хамтран мэдээллийн  цогц дата бааз үүсгэж байгаа”-г Нийслэлийн Засаг дарга танилцуулав.  

Холбоотой мэдээ