“Novavax”-ийн вакцин 89 хувийн үр дүн үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-01-29 10:01:28

ЛОНДОН. /ВBC/. Америкийн “Novavax” биотехнологийн компанид гарган авсан коронавирусний вакцин Их Британид явуулсан эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар 89.3 хувийн үр дүн үзүүлсэн талаар тус компани пүрэв гарагт мэдэгдлээ.


Мөн “Novavax”-ийн вакцин Их Британид анх илэрсэн коронавирусний шинэ хувилбарын эсрэг үр дүн үзүүлжээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэхүү үр дүнг “сайн мэдээ” хэмээн сайшаагаад, одоо холбогдох эрүүл мэндийн байгууллагууд вакциныг үнэлнэ гэж мэдэгджээ.


Их Британи “Novavax”-ийн вакцинаас 60 сая тунг урьдчилан захиалаад байгаа юм. Засгийн газрын мэдээснээр, Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг зөвшөөрөл олговол вакцины тунгуудыг энэ оны хоёрдугаар хагаст нийлүүлэн авах төлөвтэй байгаа ажээ.


Их Британид одоогоор коронавирусний гурван вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод байгаа нь Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн хамтран гарган авсан вакцин, мөн “Pfizer-BioNTech”, “Moderna” компаниудын вакцин юм.


Novavax” компанийн мэдээлснээр, Их Британид 18-84 насны 15 мянга гаруй хүнийг оролцуулсан эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар вакцин 89.3 хувийн үр дүн үзүүлжээ. Энэхүү туршилтад оролцогчдын 27 хувь нь 65-аас дээш насны хүмүүс байжээ. 

Холбоотой мэдээ