11 сумын 264 малчин өрхөд тусламж хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-28 23:08:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХХААБ-аас өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн зургаан аймгийн 53 сумын зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд зудын эрсдэлийг эртнээс бууруулах тодорхой дэмжлэг үзүүлж байна. Баянхонгор аймгийн Баацагаан, Баян-Овоо, Баянбулаг, Баян-Өндөр, Заг, Галуут, Гурванбулаг, Өлзийт, Хүрээмарал, Шинэжинст, Эрдэнэцогт зэрэг 11 сумын зорилтот бүлгийн 264 малчин өрхөд тухайн тусламж хүрч байна.

Дээрх өрхүүдийн мал сүргийг 60 хоног нэмэгдэл тэжээлээр тэжээхэд шаардлагатай хорголжин тэжээл, уурагт тэжээл, сувиллын багц 121.6 тн, өрх бүрт хурганы уут, үүрэн телефоны 5000 төгрөгийн нэгж, тэжээл татан авах зардал 20-25 мянган төгрөгийг өгч байгаа аж. Нарийвчилбал, Малын тооноос хамаарч нэг өрхөд 4-15 шуудай хорголжин, 1-2 шуудай уурагт тэжээл болон сувиллын багцууд тээврийн зардлыг тооцохгүйгээр 400-800 мянган төгрөгийн тусламж хүрчээ. 

Малчдад тусламжийг хүлээлгэн өгөх ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар энэ сарын 18-24-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ