Өвөлжилт хүндэрсний улмаас малын хорогдол гарч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-28 18:10:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын нэг. УЦУОШТ-өөс гаргасан мэдээгээр тус аймгийн нийт нутгийн 10 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой ба харин нутгийн 20 гаруй хувь нь 1-3 дахин хэтэрсэн, нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн даац гурав буюу түүнээс дээш олон дахин хэтэрч гарчээ.

Аймгийн зүүн талын сумд бусад сумтай харьцуулахад хэдийгээр оройтож бороо орсон ч зуншлага гайгүй байсан бөгөөд эдгээр сумдад өөрийн аймгийн болон бусад аймгийн малчид отроор ирж өвөлжиж байна.

Тухайлбал, Говь-Угтаал суманд Өвөрхангай аймгийн болон Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумын 48 орчим өрхийн 30,0 гаруй мянган мал, харин өөрийн сумын  270-аад өрхийн 201,7 мянган толгой мал өвөлжиж байгаа ажээ.

Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тус сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалангаас тодруулахад “Нөхцөл байдал хүнд байна. Манай сумын хувьд намар багахан бэлчээр байсан ч цас дарчихсан, нүүдэлчид олон байна. Нүүдэлчдийн мал ч хорогдож байна, манай сумаас ч хорогдол гарч эхэлж байна. Зөвхөн манай сумын хувьд л гэхэд 1000 орчим мал үхсэн.

Ямар ч гэсэн өвс, тэжээлийн нөөцөө таслахгүй байхыг л хичээж байгаа, тэжээлийн олдоц муудах шинжтэй байна. Цаашдаа хаврын урт өдрүүдэд улам хэцүү болно байх. Малчидтайгаа хамтраад аль болох эрсдэл багатай л даван гарахын төлөө ажиллана” гэлээ.  

Холбоотой мэдээ