Номоо “бестселлер” болгохоор төлбөр өгсөн эсэхийг шалгадаг болно

Монголын мэдээ | Боловсрол
dusem11@yahoo.com
2021-01-28 13:51:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/, “Номын ертөнц ТББ”-тай хамтран “Үндэсний бестселлер ном”-ын асуудлыг цэгцлэх, ISBN авсан номууд стандарт хангаж байгаа эсэхийг тодорхойлох зорилготой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.


Уг санамж бичгийн хүрээнд хамтарсан хяналт, шалгалт хийж борлуулалтын мэдээгээр “Үндэсний Бестселлер ном”-ыг тодруулах, олон нийтэд зөв мэдээлэл өгөх, ISBN –ийг ямар компани олгодог, номын стандартыг тогтоож, хэл найруулга,  үг үсгийн алдаагүй номыг уншигчдад хүргэдэг байхын төлөө ажиллах юм байна.


Нийслэлийн хэмжээнд өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 20 орчим номын дэлгүүр байдаг. Дэлгүүр бүрт шилдэг борлуулалттай ном буюу бестселлер номын булан бий. Хэрэглэгчид тухайн хэсэгт тавигдсан номыг хамгийн сайн борлуулалттай, хамгийн их уншигчтай гэж ойлгодог бөгөөд энэ нь сонголтод нь нөлөөлөх талтай. Харин бестселлерт тавигдсан ном бүхэн хамгийн их уншигчидтай ном мөн үү гэдэг нь эргэлзээтэй аж. Түүнчлэн зохиогчид өөрийн бүтээлийг бестселлерт оруулах гэж тодорхой /тарифт/ мөнгө төлдөг гэдгийг уншигчид тэр бүр мэддэггүй юм байна. 


Энэ нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх, зөв мэдээллээр хангахгүй байх, нийтийн уншлагын чиг хандлагыг хуурамчаар тодорхойлж байгаа зүй бус явдал юм. Нөгөө талаас номын найруулга, үг үсгийн алдаатай номыг бестселлер болгож өргөмжилснөөр, ялангуяа хүүхдүүдэд алдаатай бичих, буруу ойлголт, хэвшил, хандлагыг суулгадаг байна. Мөн өсвөр үеийнхний хүмүүжил, соёл, оюун санаанд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм. 

Холбоотой мэдээ