Дэглэм, журам зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-27 22:02:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хорио цээр, хязгаарлалтын дэглэм, журам зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага тооцжээ.

Тодруулбал гэрийн ажиглалтад байгаа иргэдээс дэглэм зөрчин, дур мэдэн гэрээсээ гарсан, мөн өөр аймаг, сумдаас зохих зөвшөөрөлгүйгээр Сайхан суманд хууль бусаар нэвтрэн орохыг завдсан зөрчил гарсан байна. Дээрх иргэдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасны дагуу нэг иргэнд 500.000 төгрөгийн торгууль, хоёр иргэнийг сум дундын Шүүхийн шийдвэрээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг тус тус оногдуулжээ.

Энэхүү гарч буй зөрчилтэй холбогдуулан Сайхан сумын Онцгой комиссоос иргэддээ хандаж дараах уриалгыг хүргүүллээ. Уриалгад: ”Иргэд та бүхэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, хорио цээрийн дэглэмийг чанд сахин өөрийгөө болоод хайртай бүхнээ, сум орон нутгаа, нутгийн зон олноо аюулт өвчнөөс хамгаалахыг хүсье. Мөн нийслэл хотоос болон голомттой газраас гэртээ ирж байгаа нутгийн иргэд 14 хоног тусгаарлалтын дэглэмээ чанд сахин, тэсвэртэй байхыг уриалья” гэлээ.  

 

 

Холбоотой мэдээ