Монгол уурхайчдад хамгаалалтын хувцас, хэрэгсэл хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-27 18:35:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-д 60 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн амны хаалт, бээлий, хамгаалах хувцас, хэрэглэл хандивлалаа.


Цар тахлын үед ажиллаж буй “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн уурхайчид, “Гашуунсухайт автозам” ХХК-ийн ажилтнуудад дээрх хамгаалалтын хувцас хэрэглэлийг илгээх юм.


БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас илгээсэн хандивыг  Монгол дахь Хятадын түүх, соёлыг судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Х.Баатархүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад хүлээлгэн өгсөн юм.




Х.Баатархүү “БНХАУ-д цар тахал тархах үед монгол түмэн Хятадын ард иргэдэд сэтгэлийн хандив, дэмжлэгээ харамгүй илгээсэн. Сайхан сэтгэлийн хариу, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд энэ дэмжлэгийг илгээснээ Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас уламжилсан. Хандивын эд зүйлс “Эрдэнэс Монгол” нэгдлийн хамт олонд дэмжлэг болно гэж найдаж байна” гэлээ.


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа талархал илэрхийлээд, “Манай улс цар тахлын дэгдэлтийг хохирол багатай даван туулахаар эдийн засгийн амаргүй цаг үеийг туулж  байна. Энэ үед ачааны хүндийг үүрч байгаа уурхайчдад бодитой дэмжлэг боллоо” хэмээв.

 

Холбоотой мэдээ