СЕХ УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 12 нам, 3 эвсэл, 69 бие даагчийг бүртгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-07 12:04:17

СЕХ-ны удирдлагууд өнөөдөр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг нийтэд танилцуулсан хэвлэлийн бага хурлыг Төрийн ордонд хийлээ.

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн энэ үеэр, "СЕХ УИХ-ын сонгуульд оролцох 13 нам, 3 эвсэл, 74 бие даагчдын материалыг хүлээн авснаас 12 нам, 3 эвслийн 429 нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгохоор,  мөн 74 бие даагчийн материалыг хүлээн авснаас 69 хүнийг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. Нийтдээ 498 нэр дэвшигч бүртгэгдсэн. Эдгээр 498 нэр дэвшигчид хуульд заасны дагуу өнөөдөр үнэмлэхийг нь гардуулна" гэв.

МАН болон АН-аас 76, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс 44, ИЗНН-аас 15, Монголын Уламжлалын нэгдсэн намаас 11, ХААН сонголт эвслээс 9, мөн Бүгд найрамдах намаас 36, МСДН-аас 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 9, Иргэний хөдөлгөөний намаас 27, Ардчилсан хөдөлгөөний намаас 3, МАХН-аас 71, Эх орончдын нэгдсэн эвслээс 9, Монгол консерватив намаас 13, Ард түмний хайрлая намаас 13 нэр дэвшигч бүртгэгдэв. 

Нийт нэр дэвшигчдийн 25,9 хувь нь эмэгтэй, буюу нь 129 эмэгтэй нэр дэвшжээ. Аймгийн нийт тойргуудад 215, нийслэлийн тойргуудад 283 нэр дэвшигч бүртгэгдсэн аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ