Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн шимтгэл нөхөн төлөх хуулиудыг нэгтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-27 17:21:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн, анхны хэлэлцүүлгийг явуулав.


Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийн 10 хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт ажилладаг малчид болон цар тахлын ийм үед орлогогүй болоод байгаа. Тиймээс уг хуулийн хугацааг 2021 онд үргэлжлэхээр сунгах төслийг боловсруулжээ. Өнгөрсөн хугацаанд уг хуулийн хэрэгжилт нь тааруу байсан нь коронавирусний халдварт цар тахлын хорио цээрийн дэглэм, мөн хураамж өндөр байсан, бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл хүндрэлтэй байсан зэргээс болсон гэж төсөл санаачлагчид үзжээ.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эл хоёр төслийг нэгтгэн хэлэлцэхийг дэмжихийн зэрэгцээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэсэн байна. Ингэхдээ, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс өргөн мэдүүлсэн төслийг суурь болгохыг дэмжиж, Б.Пүрэвдорж гишүүний төслийн зөрүүтэй байгаа заалт, зүйлүүдийг зарчмын зөрүүтэй саналын томьёолол болгон санал хураалгажээ. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авах шаардлагагүй гэж үзсэн тул санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжлээ. Тухайлбал, “Хоёр хуулийн төслийг нэгтгэн нэг төсөл болгож, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн төслийг суурилан хэлэлцье” гэж санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос төслийн 1 дүгээр зүйлийн “8 дугаар зүйлийн” гэсний өмнө “3 дугаар зүйлийн 3.1.3, 5.1 дэх хэсгийн “2020 онд мөрдүүлэхээр" гэснийг “2020-2022 онд мөрдүүлэхээр" гэж нэмэх, төслийн 1 дүгээр зүйлийн “2022 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2022 оны 12 дугаар сарын 31-ний" гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.


Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос төслийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


Ингээд хуулийн төслийг нэгтгэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 


Дараа нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж эхэллээ.

Холбоотой мэдээ