Египетийн хүн ам хагас жилийн дотор 1 саяар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-07 11:28:31

КАИР. /Prensa Latina/. Египетийн хүн ам 90 саяд хүрснээс хойш ердөө зургаахан сарын дотор 91 саяд хүрч нэмэгдлээ гэж тус улсын Олон нийтийн дайчилгаа ба Статистикийн ерөнхий газар мэдээллээ.

Тус газрын мэдэгдсэнээр, хүн амын тооллогод гадаадад амьдардаг найман сая египет хүниийг оруулаагүй байна. Хэрвээ тэднийг оруулбал манай гараг дээр амьдарч буй египетчүүдийн тоо нийтдээ 99 саяд хүрэх юм.

Нийслэл Каир хотод тус улсын нийт хүн амын 10.54 хувь буюу 9.51 сая хүн амьдардаг бол Гизад 7.84 сая хүн амьдардаг ажээ.

Нил мөрнөөр зааглагддаг тус хоёр мужид нийтдээ 17.35 сая хүн амьдарч байна.

Хамгийн цөөхөн хүн амтай мужууд бол 171 мянган хүнтэй Өмнөд Синай, 233 мянган хүнтэй Нью-Валли болон 358 мянган хүнтэй Улаан Тэнгис гэнэ.

Египетийн хүн амын өсөлт 2.4 хувьд хүрсэн нь нийгэмд тулгамдсан томоохон бэрхшээлүүд ийн нэг болоод байгаа ажээ.

Энэ нь хөгжингүй улсуудын хүн амын өсөлтийн дундаж түвшнээс 5 дахин, хөгжиж буй орнуудынхаас 2 дахин өндөр үзүүлэлт юм.

Хүн амын өсөлт болон эдийн засгийн нөөцийн тэнцвэрт байдлыг бий болгох шаардлагатай байна гэж Египетийн Статистикийн газар дүгнэлээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ