Цар тахалтай тэмцэх гурван хуулийн төслөөс хоёрыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-26 18:50:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон "COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хийлээ.


УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын өргөн мэдүүлсэн нарын өргөн мэдүүлсэн төсөлд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ. Цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэдийн цалин, орлого таслалдсан. Үүний улмаас барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэн буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байгааг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа илтгэлийнхээ танилцуулав.  


Санхүүгийн зохицуулах хороо нь ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагаа, зээлийн гэрээтэй холбогдох өргөдөл, гомдол, хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 23-наас цахимаар болон утсаар хүлээн авах ажиллагааг зохион байгуулахад нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 37.9 хувийг барьцаалан зээлдүүлэх газар болон rap утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах асуудал эзэлж байжээ.


Хуулийн төсөлд барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ноос энэ оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын 3 (гурав) хувиас, алдангийг өдрийн 0.2 (тэг бүхэл хоёр) хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна. Мөн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор тусгажээ. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Харин УИХ-ын гишүүн Ц.Тувааны өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцаж ирэхэд үүсэж байгаа хүндрэлийг цаг алдалгүй шийдвэрлэх, эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан иргэдийг цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах зохицуулалтыг тусгасан байна. Мөн коронавирусээр халдварласан, халдварласан байж болзошгүй хүний хувийн мэдээллийг хамгаалах, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг уг хуулийн үйлчлэлд хамааруулах талаар тусгажээ. Түүнчлэн бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын сургалтын төлбөрийн асуудлыг өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх, цар тахлын үед иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, гадаад улс орнуудаас өгч байгаа хандив, хөнгөлөлттэй зээл, тусламжийн зарцуулалтыг ил тод тайлагнах зохицуулал тусгажээ. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмсэнгүй.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд банк, санхүүгий салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах, Монголбанк банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад олгох буцалтгүй тусламжийн асуудлыг нарийвчлан тогтоож, шийдвэрлэх асуудлыг тусгажээ. Нийгмийн тогтвортой байдлыг хангах, хүний эрхийн зөрчил, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаарх тодорхой зохицуулалтыг тусгах зэрэг нэмэлт, өөрчлөлтийг хуульд оруулах нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалт ч мөн тусгасан байна. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.


Байнгын хорооны хуралдааны төгсгөлд өнөөдөр дэмжсэн буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар болон М.Оюунчимэг гишүүний өргөн барьсан төслүүдийг нэгтгэх, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг байгуулав. Уг ажлын багийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн ахлах бол УИХ-ын гишүүн Н.Энхболд, П.Анужин, Ш.Адьшаа, Н.Наранбаатар нар гишүүнээр ажиллах боллоо.

Холбоотой мэдээ