А.Меркель, Ж.Байден нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-01-26 10:12:04

БЕРЛИН. /DW/. Германы Канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар даваа гарагт утсаар ярьж, улс орнууд хамтран ажилласнаар коронавирусний цар тахал болон дэлхий дахинд тулгамдаж буй бусад сорилтыг даван туулна гэдэгтэй санал нэгджээ.


А.Меркель АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг өнгөрсөн долоо хоногоос хашиж эхэлсэн Ж.Байдентай анх удаа утсаар ярих үеэрээ улс орноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Парисын уур амьсгалын хэлэлцээрт эргүүлэн нэгтгэснийг нь сайшаасан байна.


“Канцлер, Америкийн Ерөнхийлөгч нар коронавирусний цар тахлыг даван туулахад олон улс ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдэгтэй санал нэгдсэн” гэж А.Меркелийн хэвлэлийн төлөөлөгч Стеффен Сейберт мэдээлжээ.


Хоёр орны удирдагчид мөн Афганистан, Иран зэрэг гадаад бодлогын асуудлуудаас гадна худалдаа, уур амьсгалын бодлогын талаар хэлэлцсэн байна. Мөн Герман улс Европын болон Атлант дамнасан түншүүдтэйгээ олон улсын асуудлуудыг зохицуулахад үүрэг хариуцлага хүлээх хүсэлтэй байгааг А.Меркель илэрхийлжээ.


Германы Канцлер мөн Ж.Байденд тангараг өргөсөнд нь баяр хүргээд, өдгөө 78 настай Ерөнхийлөгчийг зорчих хөдөлгөөн чөлөөтэй болсон даруйд Германд айлчлахыг урьсан байна. 

Холбоотой мэдээ