АН-ын бүлэг өрх бүрт нэг сая төгрөг олгох төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-25 14:31:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ.


Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ сарын 8-нд өргөн мэдүүлсэн уг төсөлд өрх бүрт нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан юм.


УИХ-ын ээлжит чуулган энэ долоо хоногт хаахаар төлөвлөөд буй юм. Коронавирусний эрсдэлийн улмаас эдийн засаг хүндэрч байгаа энэ үед дээрх төслийг нэн даруй баталж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг дэмжих нь зөв хэмээн тус бүлэг үзсэн байна.


Гэрэл зургийг  Б.Чадраабал

Холбоотой мэдээ