Нүүдэлчдийн соёлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-25 12:00:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын аялал жуулчлалын салбар нүүдэлчдийн ахуй соёлд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын зах зээлд санал болгодог.


Соёлын биет бус өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон жилд 40 орчим үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Үүнийгээ илүү хөгжүүлж, цар хүрээг нь өргөтгөх цогц судалгаа хийж байгааг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан хэллээ.

Тэрбээр БОАЖЯ-ны ирэх 4 жилд хийхээр төлөвлөсөн ажлыг танилцуулахдаа томоохон төслүүдийн талаар мэдээлэв.


Тухайлбал, АХБ-ны 38 сая ам.долларын санхүүжилтээр Хэнтий аймагт Чингис хааны түүхэн цогцолбор байгуулж, Хөвсгөл аймагт аялал жуулчлалын сөрөг нөлөөг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлнэ.


Хөвсгөл аймагт гэхэд 37,2 км авто зам тавих бөгөөд Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу гол урсгалд авто зам, авто зогсоол байгуулах, ариун цэврийн асуудлыг цогцоор шийдэх,  аялал жуулчлалаас гарч байгаа шингэн болон хатуу хог хаягдлыг сүүлийн үеийн технологиор шийдэх юм.


Хэнтий аймагт хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын төсөл нь монгол туургатан гэж өөрсдийгөө нэрийддэг дэлхийн 20 орчим сая жуулчны урсгалыг зүүн аймагт чиглүүлэх зорилготой. Энэ төслийн барилгын ажлыг 2021 онд эхлүүлээд 2024 оны зун ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн дүнд орон нутгийн 3000 иргэн шууд болон дам байдлаар ажлын байртай болж, бизнесийн орчин сайжрах аж.


Түүнчлэн, Архангай, Өвөрхангай аймагт буюу Орхоны хөндийн бүсийг аялал жуулчлалын нэг урсгал болгох төслийг Японы ЖАЙКА байгууллагын санхүүжилтээр судалгаа хийж хэрэгжүүлнэ.

Мөн, Өмнөговь аймагт говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл 2 үндсэн хэсэгтэй. Сансар судлал шинжлэх ухаан судалгаа, палеонтологийн олдворт суурилсан, Монголын говийг палеонтологийн судалгаа шинжилгээний төв болгож хөгжүүлэх төсөл юм. Ингэхдээ говийн аялал жуулчлалыг олон улсын цөлөрхөг газар нутгаас ялгаатайгаар хөгжүүлэх зорилт дэшүүлжээ

Холбоотой мэдээ