Шилдэг төгсөгчдөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах батламж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-25 11:38:04
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсөлтөө хийлээ. Тус сургуулийн 22 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр болсон юм.

Төгсөлтийн баярын үеэр сургуулиа амжилттай төгссөн М.Азжаргал, Б.Ганцоож, С.Сандуйжанцан нарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах батламжийг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр гардууллаа.  

Энэ хичээлийн жилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 45 жилийн түүхэн ойтойгоо золгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/542 тоот тушаалаар “Эрдэнэт дээд өргөмжлөл” медаль хүртсэн юм.

Мөн тус сургууль хичээл, сургалтын үйл ажиллагааг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлж, боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нэвтрүүлэн ажиллажээ. Уг стандартыг хэрэгжүүлснээр ажил олгогчдын шаардлагыг хангасан, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх боломжоо ахиулсан байна.

Түүнчлэн “MIT”, “Harvard” зэрэг дэлхийн топ их, дээд сургуулиудын онлайн сургалтад ашигладаг “Open edX” платформд шилжиж, багш, оюутнууд хамтран сургалтын тоног төхөөрөмж зохион бүтээж, нэвтрүүлсэн зэрэг амжилт бүтээл дүүрэн жил байсныг “Эрдмийн баяр”-аар онцлов.

 

 

Холбоотой мэдээ