Борис Жонсон АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан анхны удирдагчдын нэг болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-24 11:57:08

ЛОНДОН. /Sky news/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байденыг үүрэгт ажилдаа орсны дараа утсаар ярьсан анхны удирдагчдын нэг болжээ.


“Бямба гарагт Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьсандаа баяртай байна. “COVID-19” цар тахлын дараа Их Британи, АНУ-ын эдийн засгийг тогтвортой сэргээн босгоход олон жилийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж Жонсон бямба гаргийн орой твиттер хуудсандаа бичсэн байна.


Европын бусад орны удирдагчид Байдентай утсаар ярьсан талаараа одоогоор мэдээлээгүй байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор нар нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөснийх нь дараа Цагаан ордны шинэ тэргүүнтэй утсаар ярьсан тухайгаа мэдээлсэн билээ.


"Хоёр орны удирдагчид утсаар ярих үеэрээ “хүний эрх, ардчиллыг хамгаалсан хэвээр” байна гэдгээ мэдэгдэхийн сацуу батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт, түүний дотор НАТО-гийн шугамаар хийж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлэв" гэж Германы Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдэгдэлдэ онцлон тэмдэглэсэн байна. Их Британийн Ерөнхий сайд АНУ-ыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээ болон ДЭМБ-д буцаан нэгтгэх Байдены шийдвэрийг сайшаажээ. Тэрбээр мөн “цар тахлын байдал сайжирмагц” АНУ-ын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч “G7”-гийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах үеэр буюу зургадугаар сард Их Британид айлчилж магадгүй гэж тус улсын хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн билээ.


"Түүнчлэн хоёр улсын хооронд байгуулах боломжтой худалдааны гэрээний үр өгөөжийн талаар ярилцаж, Ерөнхий сайд удаан үргэлжилж буй худалдааны маргааныг аль болох богино хугацаанд шийдвэрлэхээр шийдсэнээ цохон тэмдэглэлээ" гэж Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд дурджээ.


Энэ оны нэгдүгээр сарын 1-нд “Brexit”-ийн дараах шилжилтийн үе дууссаны дараа Европын ган, хөнгөн цагаанд татвар ногдуулах шийдвэрийнх нь хариуд ЕХ-ноос Америкийн бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг Их Британи хэвээр үлдээсэн байна.


Холбоотой мэдээ