Банкны ажилтан мэргэшүүлэх "Шинэ институт" байгуулах гэрээнд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-22 14:49:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.


Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Төв банкнаас төрийн,  төрийн бус байгууллагатай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа.

Хөтөлбөрийн хүрээнд энэ хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа бөгөөд оролцогч талууд дараах ажлуудыг хамтран гүйцэтгэнэ.

Үүнд:

- ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсад мэргэжлийн “Шинэ институт” байгуулах, Банк санхүүгийн академийн шинэчлэх төсөл хэрэгжүүлэх,

- Бүх түвшний банкны ажилтнуудад зориулсан стандартчилсан сургалт, хөтөлбөр боловсруулах;

- Банкны салбарын бүх ажил мэргэжлээр ажиллахад шаардлагатай ур чадварын суурь стандартуудыг тогтоох;

- Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих “Банкны мэргэжилтний онол практик хосолсон сургалт”-ын хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг тогтвортой хадгалах;

- “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аянг үргэлжлүүлж, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо, арилжааны банкууд хамтран жил бүр зохион байгуулж, хамрах хүрээг тэлэх ажил багтаж байна.


Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ сантай хамтран “Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх, онол практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх” төслийг 2017 оноос хэрэгжүүлсэн билээ.

Хамтын ажиллагааны энэ гэрээнд гарын үсэг зурснаар төслийн үр дүн, туршлагыг илүү урт хугацаанд, тогтвортой хадгалах нөхцөл бүрдүүлж байгаа юм.


Гарын үсэг зурах ёслолд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенберг, Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ,  тус холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар оролцов.

 

Холбоотой мэдээ