Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 8 жилээр олгоно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-20 17:13:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Музейн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Монгол Улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей ажиллаж байна. Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Улс орон нутгийн чанартай музейн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн бүртгэн баримтжуулалтын заавар” болон Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага, ММЗ 2006:5643 стандарт зэрэг баримт бичгээр тухайлан зохицуулж ирсэн байна.


Дээрх хууль, эрх зүйн баримт бичгүүд нь музейн өмнө тулгамдаад байгаа хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, салбар дундын түншлэл, техник технологийн хөгжүүлэлт, хүний нөөцийн хангамж, гадаад харилцаа зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, музейн тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байна. Иймд музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бий болгон, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.


Хуулийг баталснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс болон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжрахын зэрэгцээ соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно. Түүнчлэн, музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, ашиглах хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэг үйлдвэрлэх, түгээх орон зай болж хөгжих суурь тавигдана гэж төсөл санаачлагчид үзсэн байна.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна” гэсэн агуулгатай 3.2 дахь хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг “музей" гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллагыг;” хэмээн өөрчлөн найруулахыг мөн дэмжлээ. Түүнчлэн төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 5.5 дахь хэсгийг өөрчлөн найруулж, Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 8 жилээр олгох, 5.6, 5.7 дахь хэсгийг хасахыг гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ