Н.Тэсхүү: Зориулалтын байргүйгээс баримт хадгалалтын технологи горим, норматив зөрчигдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-20 17:58:09

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Төрийн архивын дарга Нямаагийн Тэсхүүтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Та архивын даргаас гадна улсын байцаагчийн эрхтэй. Тэгэхээр ямар чиг үүрэгтэй ажилладаг бэ?

-Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон түүнийг дагаж гарсан холбогдох журам зааврын хэрэгжилтийг хангуулах, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах, өгсөн шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулинд заасан хариуцлага хүлээлгэх эрхтэйгээр ажилладаг субъект юм. Улсын байцаагчийн эрхийг Хууль, зүй дотоод хэргийн сайдын тушаалаар олгодог. 2018 оны 7-р сард миний эрх олгогдсон бөгөөд жил бүрийн эхэнд хяналт шалгалт хийх ажлын төлөвлөгөөгөө гарган, Улсын ерөнхий байцаагчаар батлуулан ажиллаж байна. Өнгөрсөн онд дөрвөн сумын ИТХ, ЗДТГ, сумын төсөвт байгууллагууд, аймгийн төвийн 9 байгууллагад хяналт шалгалт хийж ажиллах төлөвлөгөөтэй байсан ч “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор сумд руу явж чадаагүй. Харин аймгийн 9 байгууллагад хяналт шалгалт хийж ажилласан.

-Танай байгууллага иргэдэд чиглэсэн ямар үйлчилгээнүүдийг үзүүлдэг вэ?

-Увс аймгийн Төрийн архив нь иргэн, аж ахуйн нэгжид баримт нь шилжиж ирсэн байгууллагуудын баримтын хэмжээнд лавлагаа мэдээллийн үйлчилгээг үзүүлдэг. Манай байгууллагад одоогийн байдлаар татан буугдсан болон үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа 240 байгууллагын баримт хадгалагдаж байна. Эдгээр байгууллагуудын захирамж, тушаал шийдвэр, цалингийн карт цэс, нотариатын гэрээ, зураг төслийн баримт, хүн амын болон мал тооллогын баримт зэрэг нь манай сан хөмрөгт хадгалагдаж байна. Зарим байгууллагын баримт бүрэн бус, зарим байгууллагын хувьд баримтаа бүрэн шилжүүлсэн байдаг. Бүртгүүлсэн иргэдийн лавлагаа мэдээлэл гарсан тохиолдолд хуулбар лавлагаа олгодог. Харин тухайн иргэний лавлагаа нь гараагүй бол баримт шилжиж ирээгүй, шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй тухай хариуг мэдэгдэх бөгөөд шаардлагатай тохиолдолд тодорхойлолт олгодог.

-Өнгөрсөн онд танай байгууллагаар хэчнээн хүн үйлчлүүлж, ямар төрлийн үйлчилгээ авсан бэ?

-2020 оны хувьд ажлын ачаалал ихтэй жил байлаа. Учир нь төрөөс малчдад ажилласан жил нөхөн тооцож олгох тухай нийгмийн даатгалын журам хэрэгжсэнтэй холбоотойгоор лавлагаа мэдээллийн ачаалал өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн. Өмнөх онуудад жилд дунджаар 800-1000 орчим иргэн үйлчлүүлдэг байсан бол 2020 онд 4141 иргэн лавлагаа мэдээлэл авахаар бүртгүүлсэн. Эдгээр иргэдийн ихэнх нь мал тооллогын баримтаас лавлагаа мэдээлэл авах хүсэлт гаргасан. Мөн нэгдэлд ажилласан үеийн цалин, тушаал, бусад байгууллагад ажилд орсон, гарсан тушаал, газар эзэмшүүлсэн захирамж гэх мэт лавлагаа мэдээллийг иргэд ихээр авдаг. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд өөрийн байгууллагын үүсэл хөгжил, түүхтэй холбогдолтой баримт, өөр аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхийн байгууллагаас тухайн нутаг дэвсгэрт шилжин суурьшсан иргэдийн цалин, тушаалын лавлагаа зэргийг авч үйлчлүүлдэг. Нэг иргэн 2-3 төрлийн лавлагааг зэрэг шүүлгэх тохиолдол их байдаг. Тухайлбал өөрийн ажиллаж байсан байгууллагад орсон, гарсан тушаалыг цалингийн хамт, олон байгууллагад дамжиж ажилласан бол тэдгээр тушаалуудыг цалингийн хамт гэдэг байдлаар лавлагаа гаргуулдаг. 2020 онд тушаалын 679, цалингийн 238, мал тооллогын 3470 лавлагаа гарсан байна. 

Мөн хэлмэгдүүлэлтийн нөхөн олговортой холбоотой шүүхийн шийдвэр, газар эзэмших ашиглахтай холбоотой гэрээ, шийдвэр, хүн амын тооллогын, зураг төслийн гээд бусад лавлагаанууд тодорхой хэмжээгээр гарсан. Малчид тэтгэвэр тогтоолгох, нөхөн олговор төлөх иргэдтэй холбоотой лавлагааг ондоо амжиж гаргаж дууссан.

-Төрийн архивын байгууллагын байрны асуудал олон жил яригдсан. Энэ асуудал ямар шатанд явж байна?

-Маш зөв асуудал хөндлөө. Төрийн архивын байгууллагад зориулалтын байр бариулах асуудал олон жил яригдаж байгаа. Ер нь бол 2012 оноос хойш үе үеийн аймгийн удирдлагуудын шүдний өвчин болсон асуудлын нэг гэхэд болно. Увс аймгийн Төрийн архив нь Боловсрол, соёл урлагийн газрын 2 дугаар давхрын нэг жигүүрт үйл ажиллагаа явуулж байна. Үндсэндээ 240 байгууллагын 24 мянга гаруй хадгаламжийн нэгж баримт архивын сан хөмрөгт хадгалагдаж байна. Одоогийн байр шаардлагад нийцэхгүйгээс гадна хүйтэн, ажилчдын ажил үүргээ гүйцэтгэх орчин бүрдээгүй, архивын байрны нөхцөл муу, жил бүр өсөн нэмэгдэж байгаа баримтын тоо хэмжээнээс хамааран хадгаламжийн сан зай багтаамжгүй, архивын аюулгүй байдлын баталгаа бүрдээгүй, баримт хадгалалтын технологи горим, норматив дэглэм зөрчигдөж тавигдах шаардлага хангахгүйд хүрч байна. 

Төрийн архивт Увс аймгийн төр захиргааны байгууллагын үүсэл хөгжил, тэдгээрийн гаргаж байсан тушаал шийдвэр, хурлын тэмдэглэл, иргэдийн ажиллаж хөдөлмөрлөж байсныг гэрчлэх цалин хөлсний болон тушаал шийдвэрийн гээд чухал баримтууд хадгалагдаж байна. Та бидний өвөө эмээ, аав ээжийн холбогдолтой баримтууд ч хадгалагдаж байгаа. Увс аймгийнхаа болон улс үндэстний түүхэнд холбогдох мэдээллийн үүх түүхээр  ой санамжаа хадгалж хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэн үлдээх  цорын ганц газар бол Төрийн архив шүү дээ. 

Эрх бүхий байгууллагаас баталсан архивын байрны стандарт гэж бий. Архивыг зориулалтын байр, холбогдох техник хэрэгслээр хангахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт суулгаж байхаар  хуульчилсан байдаг. Энэ талаар аймгийн дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт тусгуулан ажилладаг ба энэ удаад ч гэсэн оруулсан. Удахгүй зориулалтын байртай болох итгэл найдвартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

-“Ковид-19”-тэй холбоотойгоор танай байгууллага иргэдэд ямар байдлаар үйлчилгээгээ хүргэж байгаа вэ?

-Дэлхий нийт болоод улс орны хэмжээнд цар тахлын эсрэг хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан аймаг, орон нутгийн удирдлагаас гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Хөл хорио тогтоосон гээд Архивын үйл ажиллагаа тасалдсан зүйл байхгүй бөгөөд лавлагаа мэдээллийг авах иргэд заавал биеэр ирэхгүйгээр 99160144, 99458952 тоот утсаар захиалга өгч болно. 

Лавлагаа мэдээллийн ажилтантай холбогдох утасны дугаарыг аймгийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан байгаа. Биеэр ирж үйлчилгээ авч байгаа иргэдэд амны хаалт зүүсэн байх, зай барих, гараа ариутгах зэрэг шаардлагыг тавьж үйлчилж байна.

-Цахим үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Төрийн архивт хадгалагдаж байгаа цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил 2012 оноос эхэлж одоог хүртэл үргэлжилж байна. Цахим хэлбэрт баримт нь шилжсэн зарим байгууллагын удирдлагын гаралтай буюу тушаал, шийдвэртэй холбоотой лавлагаа мэдээллийг цахим программаас гарган үйлчилж байна. Цахимаар лавлагаа гаргах асуудал улам боловсронгуй болж, удахгүй Монгол Улсын хаана ч оршин сууж байгаагаас үл хамааран аль ч аймгийн архиваас өөрт холбоотой лавлагааг гаргуулан өөрийнх нь хандсан газарт цахимаар хүргүүлэх  боломж бүрдэж байгаа. 

Цаашдаа энэ төрлийн үйлчилгээ улам бүр сайжирсаар байх болно.

-Иргэдэд хандаж хэлэх үг танд байна уу? 

-Цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед архиваас лавлагаа мэдээллийн үйлчилгээг авахаар бол иргэд аль болох өөрийн биеэр ирэхгүйгээр утсаар захиалга өгөх, хэрвээ өөрөө ирсэн тохиолдолд ариун цэвэр, халдваргүйтгэлийн дэглэмийг баримталж, амны хаалтаа тогтмол зөв зүүж байхыг уриалж байна. 

Иргэд аймгийн архиваас лавлагаа мэдээлэл шүүлгэхээр бүртгүүлэхээс өмнө оршин суугаа харьяа сумын Нийгмийн даатгалын байцаагчаасаа зөвлөгөө авч байх нь зүйтэй. 

Зарим иргэдийн хувьд өөрийн мал маллаж байсан, мал тоолуулсан багийн нэрийг буруу бүртгүүлэх, байгууллагад ажилд орсон гарсан оноо буруу хэлж бүртгүүлэх байдал багагүй гардаг.

 Тэтгэвэр тогтоолгоход яг хэдэн жил дутаад байгаа, хэдээс хэдэн жилийн баримтаа шүүлгэхээ тодорхой болгохгүйгээр ирж ханддаг, тэгсэээ илүү оны баримт шүүлгэсэн гэдгээ мэдсэнээ авахгүй байх асуудал гаргадаг. Иймд иргэд маань мэдээллээ зөв өгч лавлагаа шүүлгэвэл аль аль талдаа ачаалал хүндрэл үүсгэхгүй гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Мөн 2020 оны 12-р сарын 1-нээс Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд хуулийн хэрэгжилтийг хангаж хамтран ажиллахыг хүсмээр байна.

-Танд баярлалаа. 



Холбоотой мэдээ