Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 22 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-20 15:39:54

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нийт 359 холбогдогч бүхий 435 гэмт хэрэг өнгөрсөн онд гарсан байна. Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 134, өмчлөх эрхийн эсрэг 193, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 31, байгаль хамгаалах журмын эсрэг 26, бусад 51 хэрэг гарчээ. Гэмт хэргийн улмаас 22 хүн нас барж, 162 хүн гэмтэж бэртэн  улс  болон  иргэдэд  1645.5  сая  төгрөгийн  хохирол учирсан байна.

Бүртгэгдсэн нийт хэргийн 9.4  хувийг бүлэглэж, 28.3 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 120 хүнийг албадан саатуулж,  388  хүнийг баривчилсан  байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 23.4 хувиар буюу 133 тохиолдлоор буурчээ. Тухайлбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 38.9 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 26.2 хувиар, нийт 27431 захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.7 хувиар тус тус буурсан байна. Харин байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 30.0 хувиар өсжээ.

Холбоотой мэдээ