Орчны бохирдлыг бууруулах ажилд 77.3 тэрбум төгрөг зарцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-20 14:27:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2020 оны ажлын тайлан мэдээллийг сонсов.


Тайлан мэдээг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл танилцуулав. Тус хороо 2020 онд таван зорилт бүхий 58 арга хэмжээг хэрэгжүүлэхэд үндсэн ажлаа чиглүүлснээс 77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээг нь хэрэгжүүлсэн байна. Ажлын үр дүнд, 2020 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 23 хувиар, PM2.5 тоосонцор 15 хувиар багассан үзүүлэлт гарсан байна. Нийт санхүүжилтийн 80 хувийг утаа буюу агаарын бохирдлыг багасгахад зарцуулсныг сайд мэдээлэлдээ тэмдэглэв.



Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Г.Ганболд, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан 77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээ хэрэгжүүлсэн талаарх санхүүгийн задаргааг авч танилцах хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ 2021 онд утаа, агаарын бохирдлыг багасгахад үсрэнгүй ахиц гаргах ямар ажил төлөвлөж ажиллах талаар тодруулав. Мөн агаарын бохирдол буурсан гэж байгаа ч Улаанбаатарыг алсаас харахад саарал утаан дунд байгаа талаар хэллээ. Дээрх асуултад БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, ирэх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хувь хүртэл багасгана. Цаашид үр дүнтэй шийдэлд хүрэхийн тулд орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Одоо ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна хэмээн хариуллаа.


УИХ-ын гишүүн Г.Ганболд “Нэг жилд агаарын бохирдолд 77.3 тэрбум төгрөг зарцуулах нь бага мөнгө биш. Гол нь энэ мөнгөөр үр дүнтэй ажил төлөвлөж, хиймээр байгааг тодотгов. Тэрээр, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө өчигдөр баталсныг дурдаад, дэд хорооны хуралдаанаас гаргасан чиглэлийн дагуу ажлын төлөвлөгөөг дахин батлах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл гишүүний энэ саналыг хүлээж авч байгаагаа хэлэв.


Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдлыг бууруулах ногоон хөгжлийн зорилго эн тэргүүний байх ёстойг тэмдэглээд, хөрс, ус, орчны бохирдлыг багасгахад чиглэсэн үр дүнтэй ажил хийх талаар саналаа хэлж, 2021 онд ямар ажлыг, хэчнээн төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх талаар тодруулан, хариулт авлаа.


Асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гишүүд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй, оновчтой ажил төлөвлөж, хийх талаар саналаа хэлж байв.


Ийнхүү Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан, мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ