Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-01-19 15:03:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт нутгаар цас нэмж орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг мэдээлсэн. Гэтэл аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт одоо ч хангалтгүй байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор сум бүр аюулгүй нөөцдөө 200 тн өвс, 50 тн тэжээл буюу нийт 2600 тн өвс, 650 тн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 900 тн өвс, 200 тн тэжээл бэлтгэх ёстой. Гэтэл одоогийн байдлаар аймгийн нөөцөд ердөө 160 тн, сумдад нийт 871 тн өвс байгаа аж.

Тодруулбал энэ өвөл аймгийн хэмжээнд хоёроос бусад сум аюулгүй нөөцөө дээр дурдсанчлан тодорхой хэмжээгээр бүрдүүлжээ. Харин малчид 6400 тн өвс бэлтгэжээ. Тэжээл хомсдолтой байгаа бөгөөд 25 кг тэжээл 25-30 мянган төгрөгийн үнэтэй байна.  

ХХААХҮ-ийн сайдын тушаалын дагуу малчдын бэлтгэсэн өвс, тэжээл, хашаа хороо, усан хангамж, түлээ түлш, дулаан хувцас, аймаг сумын авулгүй нөөц бэлтгэл зэрэг асуудлаар судалгаа авч, өвөлжилтийн бэлтгэлийг дүгнэдэг. Энэ жил манай аймаг өвөлжилтийн бэлтгэлийг 76,6 хувьтай хангасан гэж ХААГ-ын Мал үржлийн албаны дарга Б.Түмэнжаргал хэллээ.  

 

Холбоотой мэдээ