Малын сувиллын тэжээлийн багцыг Дэлгэр сумын малчдад олголоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-18 19:27:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг Дэлгэр сумын малчдад малын сувиллын тэжээлийн багц олголоо.


НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд зудын эрсдэл өндөр байгаа Говь-Алтай аймгийн Бигэр, Бугат, Дэлгэр, Тонхил, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань сумын зорилтот бүлгийн 160 малчин өрхөд дунджаар 640 мянган төгрөгтэй тэнцэх бүх төрлийн малд зориулсан бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багцыг Дэлгэр сумын малчид болон аймаг орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Тусламжаар олгож буй багцад 405 тонн хорголжилсон хүчит багсармал тэжээл, 50 тонн уургаар баялаг рапсын шахдас, ядарч доройтсон малын дархлаа, бодисын солилцоог дэмжих 5 тонн аминдэм-эрдсийн нэмэлтүүд багтаж байгаа ажээ.

Өвөлжилт хүндэрсэн зудын эрсдэл өндөр байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 53 сумын хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны: өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн 1000 өрхийг сонгож, тэдгээрийн амьжиргааны хөрөнгийг хамгаалах хүмүүнлэгийн яаралтай тусламжийг ийнхүү олгохоор болжээ.


Холбоотой мэдээ