Сүүлийн 10 хоногт 900 орчим дүрвэгч амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-06 10:22:52

ЖЕНЕВ. /Prensa Latina/. Газар Дундын тэнгист хэд хэдэн хөлөг онгоц живж осолдсоноор сүүлийн 10 хоногт 890 орчим цагаач болон дүрвэгч амь эрсэдсэн гэж Олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо мэдээллээ.

Завь, хөлөг онгоцонд олноороо даац хэтрүүлэн сууж, Ливиэс Италид хүрэхээр явах үедээ амиа алдсан хүмүүсийн тоо сүүлийн долоо хоногт хэд дахин нэмэгджээ.

“Бид эцэг эхээ алдсан хүүхдүүд, үр хүүхдээ алдсан эцэг эхчүүд уй гашууд автсан энэ үед амьдарч байна. Энэ бүхэн европчуудын нүдний өмнө болж байна” гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Эльхадж Ас Си мэдэгдлээ.

Ойрхи Дорнод, Ази болон Африкт болж буй зөрчил мөргөлдөөн болон ядуурлын улмаас улс орноосоо дайжиж буй дүрвэгчдэд аюулгүй замаар явах боломж олгохыг засгийн газруудад тэрбээр уриаллаа.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт л гэхэд Грекийн ойролцоох усанд 700 цагаачтай завь хөмөрч живсэн байна. Тус улсын эргийн хамгаалалтын албаныхан тэднээс 340 орчмыг нь аварсан ч үлдсэн хүмүүс нь сураггүй болжээ.

Газар Дундын тэнгисийн төв хэсэгт саяхан хэд хэдэн хөлөг онгоц осолдсоны дараа Ливийн Зувара хот орчмын тэнгисийн эрэгт 133 хүний цогцос шидэгдэн гарч ирсэн тухай тус хотын Улаан хавирган сар нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Аль-Хамис Аль-Босайфи мэдэгдлээ.

НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан Дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, 2016 он гарснаас хойш Газар Дундын тэнгисийг гатлах гэж явсан 2510 орчим хүн амиа алдаад байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ