Польш Улс Монголд Элчин сайдын яам нээх шийдвэр гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-01-18 09:53:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хотод Элчин сайдын яам нээх шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, Польш Улс Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамаа 2008-2009 онд хэрэгжүүлсэн төсөв хэмнэх бодлогынхоо хүрээнд хааж байсан бөгөөд 10 гаруй жилийн дараа дахин нээж байна.

Польш-Монголын хоёр талын харилцаанд эерэгээр нөлөөлж байгаа туйлын чухал хүчин зүйл нь олон жилийн турш үргэлжилж ирсэн дээд боловсролын салбарын хамтын ажиллагаа юм. Польшид сурч байгаа монгол иргэд тус улсад суугаа Польшийн гарцаагүй сайн "элчин төлөөлөгчид" юм. Мөн “Брачиа Урбанек” компани 1990-ээд оноос Монголын хүнсний ногоо, жимс жимсгэний нөөцийн зах зээлд байр сууриа эзэлж чаджээ. Дээрх компаний үйлдвэрлэсэн Дунайн салатыг Польшид сурч байсан монголчууд л эх орондоо авч очдог байсан бөгөөд удалгүй Урбанек компани нь Монголын түншлэгч байгууллагуудтай албан ёсны хамтын ажиллагаа тогтоожээ.

2019 оны 11 дүгээр сард Польшийн их дээд сургууль төгсөгчдийн холбоо Монголд байгуулагджээ. Анхны уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Крзиштоф Бойког урисан байна. Энэ үеэр тус байгууллага "Холбооны гишүүд Монголд Польшийг сурталчлах, Польш-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаанд өргөнөөр хамрагдах хүсэлтэй байгаагаа" мэдэгджээ.

Монголын боломж

Дэлхийн банкны статистик мэдээллээр 2019 онд Монгол Улс нь 3.2 сая гаруй иргэнтэй бөгөөд тэдний 30 гаруй хувь нь 14 хүртэлх насны хүүхдүүд. Монгол Улсын гадаад худалдаанд их хөршүүд болох Хятад, Оросууд дийлэнх болж байна. Монголын статистикийн албаны мэдээгээр 2019 онд тус улсын импортын 42 хувийг Дундад улс, 35 гаруй хувийг Орос улс эзэлж байна.

ЕХ-ны орнуудаас тус улсад орж буй 586.5 сая гаруй ам доллар байгаа нь гайхуулахаар хэмжээ биш бөгөөд Герман улс  үүний 32 гаруй хувийг,  Польш улс 11 орчим хувийг эзэлж байна. Монгол Улсад хамгийн их импортолсон ЕХ-ны орнуудын гуравдугаар байрт 10 гаруй хувиар Итали оржээ.

Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн албан ёсны вэбсайтад байрлуулсан мэдээллээр Монгол Улс нь үйлдвэрлэлийн бааз бага, хүнсний импортлогч орон бөгөөд "Польшийн үйлдвэрлэгчид Польшийн бүтээгдэхүүний чанарыг таниулж чадсан тул энэ зах зээл дээр амжилттай өрсөлдөх боломжтой" гэжээ. Хамтын ажиллагааны ирээдүйн хоёрдахь чиглэл нь хөдөө аж ахуй, хүнс, уул уурхайн салбарт зориулсан техник, технологи юм. Монгол Улс нүүрс, жонш, зэс, алт, мөнгө болон бусад металлын хүдрийн томоохон ордтой.


Эх сурвалж: WNP Rynki zagraniczne

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ