"Цагаан хад" суурьшлын бүсийг байнгын эрчим хүчээр хангана

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-01-16 17:20:40
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын баг "Цагаан хад" суурьшлын бүсэд ажиллах үеэрээ тус бүсийн оршин суугчдыг байнгын гэрэл цахилгаантай болгох асуудлыг 6-р сард бүрэн шийдвэрлэнэ гэлээ.
Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” суурьшлын бүсэд 3500 гаруй богинын тээврийн жолооч, 7000-8000 уртын тээврийн жолооч, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, хөдөлгөөнт хүн ам гээд нийтдээ 15000-20000 хүн амьдрал ахуйгаа залгуулдаг юм. Тулгамдаж байгаа гол асуудал цахилгаан эрчим хүч, ундны цэвэр ус байдаг аж. Сард нэг өрх, үйлчилгээний газрууд 300-350 мянган төгрөгийн төлбөр төлж, бага оврын цахилгаан үүсгэвэртэй хувь хүмүүсээс эрчим хүч худалдаж авдаг байна.
Ханбогд сумын Хайрхан багийн Засаг дарга С.Батбилэг "Бидэд тулгамдаж буй хамгийн гол асуудал нь гэрэл цахилгаан, ундны усны асуудал байдаг. Манайх 2013 онд байгуулсан сумынхаа отгон баг. Хэдийгээр нутаг дэвсгэрийн хувьд бага ч гэлээ хүн амын төвлөрөл их 15-20 мянган хүн ажиллаж, амьдарч амьдралаа залгуулдаг. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хоёр жижиг станц, агаарын шугам татсан, гэхдээ БНХАУ-ын талтай гэрээ хэлэлцээр хийж холбох хамгийн чухал ажил үлдсэн байгаа. Ундны усаа холоос тээвэрлэж ирдэг учраас 1л ус 50 төгрөгийн үнэтэй байдаг. Өнгөрсөн онуудад багийн төвөөс 3,5км зайд худаг гаргасан хэдий ч ундны усанд хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. 2019 онд хажууд нь ус цэвэршүүлэх төхөөрөмж байгуулсан ч холболтоо хийгээгүй байгаа юм" гэлээ.

Холбоотой мэдээ