Худалдааны төв, дэлгүүрүүд иргэдэд үйлчлэх хөтөч ажиллуулах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-01-16 11:31:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Томоохон худалдааны төв, дэлгүүрүүд иргэдэд үйлчлэх хөтөч ажиллуулах шаардлагатай байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл зөвлөлөө.


Дэлхий нийтэд коронавирусээр халдварласан хүмүүсийн 50 хувь нь шинж тэмдэггүй байгаа юм. Монгол Улсад ч шинж тэмдэггүй иргэд олны дунд явж байх магадлалтай байгаа юм. Манай улсны томоохон зах, худалдааны төвүүд хүн хоорондын зай барих тэмдэглэгээг хангалттай сайн хийсэн ч иргэд тухайн тэмдэглэгээн дээр зогсохгүй байна. Тиймээс хөтөч ажиллуулж, иргэдийг тэмдэглэгээн дээр зогсоход анхаарах хэрэгтэйг тэрбээр зөвлөсөн юм.


Түүнчлэн, “Иргэд өөрийнхөө байнга үйлчлүүлдэг дэлгүүрээс худалдан авалт хийх хэрэгтэй. Учир нь тухайн хүн байнга ордог дэлгүүртээ хаана, ямар бараа байгааг сайн мэдэх тул цаг хэмнэнэ. Дэлгүүрээр орохдоо нимгэн бээлий өмсөх, олон бараанд гар хүрэхгүй байх, амталгаа хийхгүй байх, бэлэн мөнгөөр бус картаар төлбөр тооцоо хийх хэрэгтэй. Түүнчлэн амны хаалт, бээлийнээс гадна нүдний шил зүүх нь коронавирусний эрсдэлээс сэргийлэхэд үр дүнтэй гэж дэлхий нийт үзэж байгаа” хэмээв.

Холбоотой мэдээ