“COVID-19”-өөр халдварласан хүмүүст таван сарын дархлаа тогтдог байж магадгүй

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-01-15 13:06:48

ЛОНДОН. /BBC/. COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн дийлэнхэд таван сарын дархлаа тогтдог байж магадгүй болохыг Английн Нийгмийн эрүүл мэндийн газрын судалгааны дүн харуулжээ.


Өмнө нь коронавирусээр халдварлаж байсан хүмүүсийг халдвар авч байгаагүй хүмүүстэй харьцуулахад вирусээр халдварлах эрсдэл 83 орчим хувиар бага байгааг судлаачид тогтоосон байна.


Гэвч зарим хүн дахин халдвар авч, бусдад халдаах эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулжээ. Мөн халдвар авч байсан эсэхээ үл харгалзан гэртээ байх дүрмээ чандлан мөрдөх хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.


Судалгааны багийн ахлагч, профессор Сьюзан Хопкинсийн мэдээлснээр, дархлаа тогтох хугацаа урьдчилан таамаглаж байснаас урт байх магадлалтай байгаа нь итгэл найдвар төрүүлж байгаа боловч бүрэн хамгаалахгүй ажээ.


Мөн коронавирусээр дахин халдварласан хүмүүсийн заримд вирусний хэмжээ өндөр байгаа тул шинж тэмдэг илрэхгүй байсан ч бусдад халдвар дамжуулах эрсдэлтэй байгаад ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.


Их Британид 2020 оны 6-11 дүгээр сард 21 мянга орчим эмнэлгийн ажилтныг коронавирусний халдвартай эсэх, коронавирусээр халдварлаж байсан эсэхийг тогтоохоор тогтмол шинжилгээнд хамруулсан байна.


Шинжилгээгээр коронавирусний эсрэг биет илрээгүй буюу огт халдвар авч байгаагүй хүмүүсийн 318 нь тухайн хугацаанд халдвар авчээ. Харин эсрэг биет илэрсэн 6614 хүний 44 нь дахин халдвар авсан байна.


Судлаачид дархлаа хэр удаан үргэлжлэхийг тогтоохын тулд эмнэлгийн ажилтнуудыг 12 сарын турш үргэлжлүүлэн хянах ажээ. Мөн дээрх судалгааг хийх үеэр өргөн хүрээг хамран тархаагүй байсан шинэ хувилбараар халдварласан тохиолдлуудыг нарийвчлан судлахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ